Л.Наранбаатар: 5.8 сая тонн шохойн нөөцтэй лицензийг буцаан авах тэмцлээ үргэлжлүүлнэ

0

“Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 гаруй иргэн,  Сайхан сумын Үйлдвэрчний эвлэлийн хамтаар алдагдсан ордоо буцаан авах хөдөлгөөн өрнүүлсэн. Тэгвэл тэдний тэмцэл үр дүнд хүрчээ.

Тодруулбал, 5.8 сая тонн шохойн нөөцтэй “Хөтөл-1” ордын 31.5 га талбайг СОВА гэх компани хууль бусаар авсан асуудлыг олны өмнө ил гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан, цуцлуулах хүсэлтээ өгсөн. Тэгвэл 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр СОВА компанийн лицензийг цуцлах захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гаргасан байна. Тиймээс Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн дарга Л.Наранбаатар одоо АМГТГ-т орд газраа буцаан авах өргөдлөө өгөөд байгаа аж.

Эндээс нэг асуулт сонирхол татаж байгаа нь, СОВА хэний компани вэ, тус компани яаж Хөтөлийн ордыг хууль зөрчин гартаа оруулсан бэ?

СОВА компанийн талаар товчхон судалж үзвэл, улсын бүртгэлд 5 хувьцаа эзэмшигчтэй. Гүйцэтгэх захирлаар нь А.Бадамдорж гэх хүн бүртгэлтэй байдаг. Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй ч  Хөтөлийн ордыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын баруун гар гэгддэг, хаа явсан газар нь дагаж явдаг С.Бүрэнбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2015 онд СОВА гэх цаасны компанид эрх мэдээ урвуулан ашиглаж, хууль бусаар олгосон байдаг.

5.8 сая тонн шохойн нөөцтэй орд газрыг хэрхэн СОВА компанид алдсан бэ

1981 онд улсын болон компанийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газрыг Сэлэнгэ аймгийн засаг дарга асан С.Бүрэнбат 2015 онд “хайрга дайрганы” лиценз хэлбэрээр, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр СОВА гэх компанид өгсөн байдаг.  Гэвч тус компани нь өөрийн эзэмшлийн нэг ширхэг ч хөрөнгөгүй, байгуулагдаад удаагүй байхад олгосон байдаг. Түүнээс хойш Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийн үе үеийн захирлууд буюу А.Шоовдор, Г.Батдорж, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ч.Туул нар ордоо эргүүлэн авахын тулд 10 гаруй албан бичиг, хүсэлтүүдийг өгсөн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байдаг.   

Цемент, шохойн үйлдвэрийнхэн уг орд газраа авахын тулд өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа албан бичиг өгчээ. Үүнд;

  • АМГТГ-т 2007, 2009, 2015 онуудад,
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад 2014, 2015, 2017, 2020 онуудад,
  • Уул уурхайн яаманд мөн 2015 онд,
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2018 онд гээд нийт 10 гаруй удаа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн байна. 

Харамсалтай нь, АМГТГ болон аймаг, сумын Засаг дарга нар компанийн зүгээс гаргасан дээрх хүсэлтийг бүртгэхгүйгээр “сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, “сонгон шалгаруулалтад ороогүй байна”, “тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх мэт шалтаг шалтгаан тоочиж, Хөтөлийн “Цемент шохой” компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, шударга ёсны зарчмыг алдагдуулан, захиргааны хууль бус актаар СОВА ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.  

Тэрчлэн захиргааны хууль бус актаар олгосон уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхыг хүссэн өргөдөл, гомдлыг удаа дараа шат шатны байгууллагад гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд огт хариу өгөлгүй, үл тоосон үйлдэл гаргаж байж. Энэ нь хувийн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэхэд хүрчээ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ордоо эргүүлсэн авснаар ямар ҮР ДҮНД хүрэх вэ?

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан үйл ажиллагаанууд бариандаа хүрэхэд 27 жилийн хугацаа үлдэж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн монгол” уриалга, Шинэ сэргэлтийн бодлогын “Хот хөдөөгийн сэргэлт” гэхчлэн бодлогын томоохон баримт бичгүүд өөр хоорондоо уялдаа холбоотой, төрийн өмчит компаниад ч тэдгээрийн хүрээнд үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж буй.

Тэгвэл “Цемент шохой”-н үйлдвэрийнхэн СОВА ХХК-ийн хууль бусаар авсан лицензийг цуцлуулж, ТӨРД эргүүлэн авснаар гарах хамгийн том ҮР ДҮН бол “Эрдэнэт үйлдвэрийг тасралтгүй 30 жил түүхий эдээр хангах нөхцөл бүрдэнэ.

Мөн дараах бодит өөрчлөлтүүд гарна. Тухайлбал;

  • Цемент шохойн үйлдвэрийн шохойн ордын нөөц 18 жилээр нэмэгдэх,
  • Эрдэнэт үйлдвэрээс 66 тэрбум төгрөгийн санхүүжилт татах,
  • Жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэр барих,
  • Байгаль орчинд ээлтэй утаагүй үйлдвэртэй болох
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн шохойн хэрэгцээг олон жилээр хангах баталгаа нэмэгдэх,
  • Ажлын байр нэмэгдэх
  • Хөтөл хот түүнийг тойрсон 5 сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл хангагдах,
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох зэрэг олон боломж нээгдэх юм байна.

Энэ талаар “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Манай ордын түүхий эдийн одоогийн нөөц нь 30 сая тонн гэж байгаа боловч технологийн нөөц нь ердөө 2.7 сая тонн байна. Энэ нь 10 жил ашиглах хэмжээ бол СОВА ХХК-ийн хууль бусаар авсан байсан ордын нийт нөөц 5.8 сая тонн бөгөөд үүнээс 4.2 сая тонн нь технологийн шохойнх байгаа юм.

Хэрэв бид шохойн ордоо албан ёсоор эргүүлэн авч, жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж чадвал ордын нөөц 28 жил, технологийн шохойн нөөц 7 сая тонн, борлуулалтын орлого 1 их наяд төгрөг, цэвэр ашиг 348 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

Ямартай ч манай удирдлагын баг, 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 орчим иргэн хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулан уг лицензийг цуцлуулах хүсэлтээ өгснөөр маш хурдан хугацаанд үр дүнд хүрлээ. Одоо бид хуулийн дагуу АМГТГ-т өргөдөл өгч, 1981 онд хайгуул хийж, нөөц тогтоосон талбайгаа эргүүлэн авах ажил өрнүүлнэ” гэв.

Одоо хөтөлчүүд, цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийг түүхий эдээр тасралтгүй хангах стратегийн өндөр ач холбогдолтой ордын нөөцийн асуудлыг АМГТГ хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *