Н.Жамъянхүү: Наадмаар долдугаар сарын 10-наас эхлэн зургаан хоног бүх нийтээрээ амарч, тэмдэглэхээр хуульчлагдсан
2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлүүлж, долдугаар сарын 15-ныг дуустал бүх нийтээрээ зургаан хоног амрах хууль мөрдөгдөж эхэлжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жамъянхүүгээс тодруулахад “2022 оны зургаадугаар сарын 28-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлэн бүх нийтээрээ амарч, тэмдэглэхээр баталсан.
Ингэснээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд буюу нийт зургаан хоног амарч, тэмдэглэхээр хуульчилсан юм.
Үндэсний их баяр наадам нь улсын, аймаг, сумын гэж хоёр хуваагддаг. Долдугаар сарын 10, 11-нд аймаг, сумын, нийслэлд төв цэнгэлдэхэд улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр хийх юм. Долдугаар сарын 14, 15-нд иргэд амарна гэж ойлгож болно. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд наадмаар буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүд нийтээр тэмдэглэх баярын өдрүүд гэдгийг л зааж өгсөн.
Уг хууль 2022 оны долдугаар сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Өмнө нь долдугаар сарын 10-н ажлын өдөр байв.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр бүх нийтээрээ амардаг бол нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрөөр амардаггүй” гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн жилийн хувьд долдугаар сарын 10-н Ням гарагт таарч байжээ.
Тэгэхээр энэ жил наадмын албан ёсны амралт Бямба, Ням гарагийн амралтын өдөртэйгөө нийлээд долдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх нь.
Наадмыг яагаад долдугаар сарын 10-наас эхлэн тэмдэглэх болсон үндэслэлүүдийг тэрбээр “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад 5.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” хэмээн заасан байгаа.
- Долдугаар сарын 10, 11-нд аймаг, сумын наадмаа хийнэ. Ингэснээр бөхчүүд долдугаар сарын 11, 12, 13-ны өдрийн уяачдын наадамд барилдаж болох юм.
- Хуульд өөрөөр заагаагүй буюу газар хөдлөлт, гантай үед жишээ нь КОВИД-19-ийн үед бид Цонжинболдогт наадмаа зохион байгуулсан. Ийм онцгой нөхцөлд тодорхой долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр өөрчлөгдөж болно.
- Өмнөх хуулиар наадмыг тэмдэглэх байршил, хугацааг өөрчилж болохгүй байсан. Шинэчилсэн хуулиар эдгээрийг өөрчилж болох юм. Тодруулбал есөн хөлт цагаан тугийг орой нь ч юмуу шилжүүлэх боломжтой болсон.
- Эрийн гурван наадмын морь, сур, бөхийн төрөл дээр шагайн харвааг нэмсэн. Дааганы уралдаан, сур, шагайн харваа долдугаар сарын 10-нд эхэлдэг тул наадмыг долдугаар сарын 10-наас эхлүүлэх үндэслэл болсон.
- Шинэчлэгдсэн хуулиар тэгш ойн баяр наадамд 1,024 бөх барилдаж болно. Энэ тохиолдолд долдугаар сарын 11, 12-нд бөхийн барилдаан багтахгүй болчихдог тул 10-наас эхлүүлэх юм” хэмээн тайлбарлалаа.
Түүнчлэн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын тэгш ойн баярыг наймдугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй зохион байгуулахаар тогтоосон нь намар, өвлийн бэлтгэлээ алдахгүй байгаарай гэсэн санаа” гэв.
Онцгой нөхцөлд буюу гамшиг, осол, цар тахал, үер, нийтийг хамарсан эмх замбараагүй нөхцөл байдал, ган гачиг зэргээс шалтгаалан үндэсний баяр наадмыг долдугаар сарын 10, 11, 12, 13-нд зохион байгуулах боломжгүй үед байршил, хугацааг Засгийн газар өөрчлөх эрхтэй болжээ.
Ташрамд дурдахад Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тэмдэглэх төсөв одоогоор батлагдаагүй байна. 2014-2022 онд үндэсний их баяр наадамд жил бүр хоёр тэрбум гаруй, хамгийн өндөр буюу 2020 онд гурван тэрбум төгрөг зарцуулжээ.
Жил, жилийн наадмын төсөв