Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихжээ”
Уг нь бол биднийг “…Алтан дээр суусан гуйлгачин” гэхээ аль хэдийнэ больсон. Учир нь, мэдээлэлд ойр, сортоотой сэргэлэн нөхөд нь хамаг баялгаа хамчихсан. Хийх сав нь олдохгүй далай давуулж шидээд удаж байна. Монголчуудын 10 хүрэхгүй хувь нь ингэж сагаж амьдардаг. Үлдсэн 90 хувь нь улсын төсвөөс голдуу “гоожуулдаг” цалин, тэтгэвэр, халамж харж амь зуудаг.
Гэтэл бидэнд бас сандайлж суугаад суйлуулаад байдаг алтын дайтай ашиг орлого байдаг аж. Баялгаа ашиглуулсны төлбөр, ашигт малтмалын гэрээний хувь, авто замын хураамж, агаарын зам ашиглуулсны төлбөр энэ тэр гээд маш их мөнгө ордог юм байна. Харамсалтай нь тэдгээр орлого төсөвт ордоггүй.
Тэр их төлбөр, хураамж, татвар, хувь сэлтийн мөнгө тухайн салбарынх нь хэсэг нөхдийг хахтал тэтгээд дуусдаг байгаа юм. Бүр гэр бүлээрээ баярын ширээний бялуу, буяны зоог шиг тал талд нь сууж байгаад хүртчихдэг байна. Гэтэл төр төсвөө бүрдүүлэхийн тулд биднээс авах торгуулиа, татвараа төсөөлөөд том тоо болгоод тавьчихдаг. Тэгээд л татварын байцаагч, цагдаа хоёр “манийхаа” халаасыг тэмтрээд суучихна. Ингэж л амь зууж буй улс даа, бид. Тиймээс нэг талаараа бид чинь иймэрхүү “алт” дээрээ сандайлчихаад л хэсэг хүнд суйлуулаад суугаа ард түмэн шүү. Ийм байдлаар санхүүждэг тусгай сангуудын мэдээлэл ойрд олноороо ил болж байна. Дургүй хүрмээр гударчээ, хэсэг хүн. Яг иймэрхүү “буяны зоог” шиг үнэгүй, гамгүй хэрэглэдэг “төсөв” Буянт-Ухаагийн дэнж дээр байна. “…ИНЕГ-аас гардаг сургалтын зардал” гэх бага сага мэдээлэл саяхнаас дуулдаж л байсан. Гэхдээ бүгдийг нь дэлгэе гэвэл нэлээд хэдэн жилийн туршид, асар өндөр дүнтэй мөнгө, маш ноцтой байдлаар тараагдсан байна.
“…Нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх” гэсэн эх оронч халхавчаар 2005 оноос хойш энэ салбарын дарга нар гэр бүл, ойрын хамаарал бүхий этгээдүүдийн хамт мөн ч их мөнгө цохижээ.
АТГ-аас ажлын хэсэг гарч судлахад нисэхийн салбарын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихсэн” юм байна.
ИНЕГ-т Тэргүүн дэд дарга, МИАТ ХК-д инженерээр ажилласан Ц.Бат энэ жагсаалтад бичигдэж байна. Түүнийг Украйны Киевийн Иргэний нисэхийн дээд сургуульд суралцаж ирснээс хойш Канадад, Австралид хууль зүйн магистр, докторын сургалтад суусан. Түүний төлбөрт 64 572 ам.доллар, 108 792 ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий. Ц.Батын хүү Зориг АНУ-ын Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр 2013 оны есдүгээр сарын 1-нээс 2016 оны есдүгээр сарын 1-ний хооронд 32 709 ам.доллараар сурсан. Ц.Батын хүү Мөрөн 2014 оны наймдугаар сарын 15-наас 2018 оны наймдугаар сарын 15-ны хооронд АНУ-д агаарын зайн инженерээр сурсан. Төлбөрт нь 105 608 ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлжээ.
Түүнчлэн ИНЕГ-ын Хууль эрх зүйн газрын дарга, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан З.Туяатай холбоотой сургалтын төлбөрүүд байна. Тэрбээр 2000 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүний дүү З.Нарантуяа 1999-2002 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид агаарын тээврийн менежментээр суралцаж байсан. З.Туяагийн нөхөр Ж.Лхамсүрэн 2000 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид нисэгчээр суралцсан. Тэдний охин Л.Номин Канадын Торонтод Seneca коллежид Aviation technology мэргэжлээр суралцахад нь буюу 2012 оны есдүгээр сарын 1-нд 152 200 ам.доллар, 2017 оны гуравдугаар сарын 1-нд 207 802 ам.доллар, дээрх сургуульдаа нисэхийн аюулгүй байдлаар суралцаж байхад нь 2016 оны есдүгээр сарын 1-нд 60 571 ам.доллар, 2019 оны есдүгээр сарын 1-нд 4 900 ам.долларыг ИНЕГ-аас тус тус гаргасан байна. Л.Номингийн тухайд “…Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна.
Үргэлжлэл бий…
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)