“ЖДҮ-ийн газар Улаанбаатар хотод байх ёстой”
Эх сурвалж: Nnews.mn
ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газар Дархан-Уул аймгаас эргэн Улаанбаатар хот руу шилжсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр/2026.1.14/ тус газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл хийв.
Тэрээр “Монгол Улсын хэмжээнд нийт 108 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 76 хувь буюу 82 мянган нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Тиймээс төрийн үйл ажиллагаа жижиг, дунд бизнес эрхлэгчтэй ойр, зардал чирэгдэл багатай байх ёстой. Нийт аж ахуй нэгжийн 1-2 хувь нь л Дархан хотод байдаг. Үлдсэн 98 хувь нь Улаанбаатар хот болон бусад аймагт байгаа. Зээл авсан 1400-1500 орчим зээлдэгч тооцоогоо нийлүүлэхийн тулд Дархан явах шаардлагатай болж байна. Энэ талаар зээлдэгчдээс болон жижиг, дунд аж ахуй эрхлэгчдээс манайд маш их гомдол ирж байгаа. Тэдний зүгээс санхүү болон цаг хугацааг хий дэмий үрнэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэх асуултыг тавьж байна. Төрийн шийдвэр гарж, тодорхой хэсэг нь Дарханд ажиллаж байгаа. Улаанбаатар хотод хагас нь үлдсэн. ЖДҮ-г хөгжүүлэх сан ямар үйл ажиллагаатай байсныг бүгд мэдэх биз. Үйл ажиллагаа нь ил тод болж, авлигатай тэмцэх газрын сүүлийн 4-5 жилийн үнэлгээгээр хэвийн, шударга ажиллаж байна гэж дүгнэгдсэн. Одоо жигдэрч эхлэх нь гэтэл хоёр хэсэгт хуваагдаж байна. Миний хувьд “Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төсөл санаачилж байгаа. Мөн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгийг Дархан хотод хийлээ гэж бодоход хүн ирэх үү гэдэг нь эргэлзээтэй. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийг хичээж байгаа ч бодит амьдрал дээр буухгүй зүйлс бас байна. Тиймээс хагас тэнд, тал нь энд ажиллаж байгаа. Төр засгийн шийдвэр гарсан учраас бид биелүүлэхээс өөр аргагүй. Биелүүлэхийг хичээж, жил гаруй хугацаанд ажилсан. Энэ бол Дарханы жижиг, дунд үйлдвэрийн газар биш. Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн олон жижиг, дунд үйлдвэр байгаа хэсэгтээ ойрхон байж. Зөв ч бай, буруу ч бай иргэдэд хариуг нь өгдөг. Уулздаг байх хэрэгтэй. Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газар л юм бол Улаанбаатартаа л байх ёстой. Бид нүүх гэж их хичээсэн. Эхлээд олон хүн ч очсон. Гэхдээ олон шалтгааны улмаас тодорхой хэсэг нь Улаанбаатар хотод ажилласан. Тэр хугацаандаа бид бусдын өмчийн сандал ширээг ашиглаж байсан. Түүнийг өгөхөөсөө аргагүйд хүрсэн. Дарханд сандал ширээ нь байж байдаг. Улаанбаатарт хүмүүс нь ажиллаж байдаг. Хэсэг хүмүүсийнхээ сандал, ширээг авчирсан түүнээс бүгд нүүгээд ирчихсэн юм байхгүй. Хүн ашиглахгүй байгаа сандал ширээг л авчирсан. Дарханд зайлшгүй ажиллах цөөхөн хүн бий. Улаанбаатарт ажиллах нь жижиг, дундын үлдвэртэй ойрхон байх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй чирэгдэлгүй үзүүлэхэд л хэрэгтэй” гэв.