Хот, нийтийн аж ахуйн 17 төрлийн ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна

0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын найман цэг, түр хамгаалах нэг байршилд нийт 198 хүн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ажиллав. Хүүхэд төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий 7800 бугуйвчийг хүүхдүүдэд тарааж, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, төөрсөн 338 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллалаа.

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг мөн үүрэг болгосон. Энэ дагуу “Хотоо угаая” их цэвэрлэгээний аянд 10,773 аж ахуй нэгж, байгууллагын 31,775 ажилтан хамрагдаж, 5.4 сая ам метр талбайн 1194.7 тонн хог хаягдал цэвэрлэжээ.  Мөн 88 байршлын 89 га талбайд 13 төрлийн 25,404 мод, бут сөөг, нэг наст 18,240 цэцэг тарьсан байна.

Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. УБЗАА-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 17 нэр төрлийн ажил, үйлчилгээг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа юм.

Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж танилцуулж, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Нийслэлийн хэмжээнд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс 51 байршилд 854 гарааш чөлөөлөөд байна.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.

Сүхбаатар дүүрэг 1965 онд байгуулагдсан, 20.8 мянган га газар нутаг, 145 мянга орчим хүн ам, 39 мянга гаруй өрх бүхий 20 хороотой. Төрийн болон төрийн бус өмчийн 49 сургууль, 64 цэцэрлэгтэй. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэг, найман сургууль, Насан туршийн боловсролын төвийн барилгад дээвэр, фасад, сантехник, цахилгаан, урлаг болон спорт заалны засвар зэрэг ажлын 36 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхдийн сурч, хөгжих эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд найман айлын газрыг орон нутгийн төсвөөр чөлөөлөн, 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж, 2021-2022 оны хичээлийн жилд ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэгт 200 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

Эрүүл мэндийн салбарт 220 ортой, амбулатори, лаборатори бүхий хоёр блок орчин үеийн стандартын Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2020 онд эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Ахмадын хөгжлийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэж буй. Энэхүү төв нь 277 ам метр талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагийг өнгөрөөх зориулалтаар үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хорооны барилгагүй байсан 2-р хороонд хорооны Засаг даргын ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг бүхий цогцолбор барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ онд 30 байршилд 715 гарааш буулгаж, тохижилт ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам бүхий тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 12 байршилд 260 гарааш буулгаад байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх 257 ТҮЦ-ээс нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам, тохижилт хийх байршилд зөвшөөрөлгүй тавьсан 32 ТҮЦ-ийг албадан чөлөөлөхөөр төлөвлөсөн. Одоогийн байдлаар таван байршлын 23 ТҮЦ-ийг албадан нүүлгээд байна.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр орон сууцны хорооллын 43,635 ам метр талбайд авто замын нөхөөс, засвар хийсэн бол гэр хорооллын гурван байршилд 0.7 км хатуу хучилттай зам тавьсан. Түүнчлэн гэр хорооллын 49 байршилд тоосжилт бууруулахаар хайрга, дайрган хучилт хийж байна.

Мөн зургаан байршлын 467 цэгт гэрэлтүүлэг, найман хороонд 573 хяналтын камер суурилуулсан. Нийтийн эзэмшлийн 23 байршилд автомашины гүүр, зургаан байршилд явган хүний гүүр, таван байршлын 1039 ам метр талбайд орц дундын ногоон байгууламж хийжээ. 13 байршлын 10,402 ам метр талбайд явган хүний зам, 26 байршилд 36,329 ам метр талбайд авто зогсоол, ногоон байгууламж, амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийв. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд барьж байгаа 960 хүүхдийн сургуулийн бохирын холболтын зардал, Спорт цогцолборын барилга, 159-р сургууль, 71-р сургуулийн өргөтгөл зэрэг санхүүжилт нь зогссон асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 70 хувьтай байна

Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв. Тэрбээр:

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд хоёр ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Нэгдүгээрт, дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнд орсон иргэдийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалтыг баталгаажуулан, хаягийн өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үзлэг, тоо хэмжээг нийслэлийн хэмжээнд 10 ажлын хүрээнд зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн.

Ийнхүү нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогын ажил зургаадугаар сарын 5-ний байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дүүргүүд тайлан мэдээгээ зургаадугаар сарын 8-ний дотор эцэслэн ирүүлэх юм. Бүртгэлтэй холбоотой олон асуудал байгаа. Тухайлбал, нэг хүний нэр дээр олон машин байх, зарж, худалдаалсан тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгээгүй зэрэг асуудлууд гарч байна. Тиймээс УБЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Байгууллага бүрд өөрсдийнх нь чиг үүргийн ажлыг өгсөн бөгөөд зургаадугаар сарын 8-нд эцсийн байдлаар гарна гэв.

Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана

Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгөв. Тэрбээр “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 12 иргэн, хуулийн этгээдээс хариу тайлбар ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд 164 метр, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн байршилд 176 метр хашаа чөлөөлсөн. Ирэх зургаадугаар сарын 9-ний дотор Чингэлтэй дүүргийн хоёр байршилд 50 метр, Баянзүрх дүүргийн гурван байршилд 500 метр хашааг чөлөөлөхөөр ажиллаж байна. Харин 46 байршлын 7486 хашааны стандартыг мөрдүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. 

Мөн Сүхбаатар дүүргийн дүүргийн 15, 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд 2.8 км авто зам, гүүрний ажил хийж байгаа. Газар чөлөөлөлтөд 99 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 84 нэгж талбарыг чөлөөлсөн” гэв.

Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр: 

-Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс 43 эмч найман дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Харин Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 21 эмч улсын хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2023 оны эхний хагас жилийн байдлаар 416 мянган хүнд амны хөндийн үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс 366 мянган хүнд шүд цоорох өвчний эмчилгээг хийсэн байна.  2022 оны тавдугаар сард улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн. Дэлхийн дунджаар шүд цоорлын хэмжээ 45 хувьтай байдаг. Харин манайд эрт илрүүлэг болон, шүдний кабинетад үзүүлж буй иргэдийн 90-99 хувь нь шүд цоорлын эмгэгтэй байна. Үүнээс харахад манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, амны хөдийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах шаардлагатай. Мөн 2024 оноос эхлэн ЭМЯ-тай хамтран “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн АШУҮИС-тай хамтран амны хөндийн эрүүл ахуйчийг бодлогоор дэмжин сургах, ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах цагтай болох, сахарын хэрэглээг бууруулж, “Үдийн цай” хөтөлбөрт сүү цагаан идээг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй гэв.

Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв. Тухайлбал,

  • Зургаадугаар сарын 7-9-нд зохион байгуулах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагууд идэвхтэй оролцох.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэл, чанар, стандартад сайтар хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д зургаадугаар сарын 9-11-нд “ICT EXPO-2023” арга хэмжээ зохион байгуулах тул бэлтгэл ажил болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ажлын уялдаа холбоо, аюулгүй байдлыг сайтар ханган ажиллах.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *