Т.Батжаргал: Монгол Улс ІСАО-ийн аюулгүй байдлын аудит шалгалтад бүдэрч болзошгүй байна
Эх сурвалж: Өдрийн сонин
Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын нэг болох Олон Улсын Иргэний Нисэхийн
байгууллага(ИКАО)-аас гишүүн орнуудын Иргэний нисэхийн байгуулагуудын үйл ажиллагаанд
өргөтгөсөн аудит шалгалтыг тодорхой хуваарийн дагуу тогтмол хийдэг. Тэгвэл манай улсад 2026 оны
дөрөвдүгээр сард энэхүү шалгалт орох юм байна
Монгол Улс ИКАО-ийн аудит шалгалтад удаа дараа амжилттай шалгагдаж байсан гэгддэгч өнгөрөгч 2025
оны 9 дүгээр сард ИКАО-гийн байгуулагаас ирсэн урьдчилсан шалгалтад Засгийн Газрын тохируулагч
агентлаг ИНЕГ-ынхан тун базаахгүй үзүүлэлт үзүүлсэн нь 4 дүгээр сард ирэх олон улсын аудит шалгалтыг давж чадахуу үгүй юу гэдэг эргэлзээ төрүүлээд байна.
Энэ асуудлаар Нисэхийн доктор Т.Батжаргалтай ярилцлаа.
-Манай улсад өнгөрсөн оны 9 дүгээр сард ирсэн ИКАО-гийн аудитын урьдчилсан шалгалтад Засгийн
газрын тохируулагч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тун базаахгүй үзүүлэлттэй шалгагдсан
талаар яриа гарч байна. Хэрэв ирэх оны 4 дүгээр сард ИКАО аудит шагалтад нь олигтой дүн үзүүлж
чадахгүй бүдэрвэл Монгол Улсад ямар эрсдэл учрах вэ. Өмнө нь ИКАО-гийн аудит шалгалтад манай улс
амжилттай шалгагдаж байсан шүү дээ?
-Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага ИКАО-гийн салбар Ази, Номхон далайн бүсийн төв байгууллагаас 9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг 2025 оны 9 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Монголын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг ИНЕГ болон агаарын тээвэрлэгчийг тогтсон протокол асуултын дагуу шалгаж ирэх 4 дүгээр сард хийгдэх аюулгүй байдлын аудит шалгалты бэлтэл хир зэрэг хангагдан байгааг шалгасан байдаг. Энэ урьдчилсан шалгалтаар Монголын иргэний нисэхийн байгууллагын аюулгүйн үйл ажиллагаанд нэлээд үл тохирлууд ажиглагдсан гэсэн тайлан зөвлөмж ирүүлсэн байна. Хэрэв ирэх 4 дүгээр сард хийгдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO-гийн аюулгүй байдлын аудит шалгалтад Significant Safety Concern буюу Нислэгийн аюулгүй байдалд заналхийлэх ноцтой зөрчил үүсэх эрсдэлтэй гэж дүгнэгдэх юм бол олон улсад агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын эрхийг бүхэлд нь хязгаарлах ноцтой асуудал үүсч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын агаарын тээвэрлэгч компаниудын олон улсад үйлддэг тогтмол, болон захиалгат нислэгүүдийг бусад улсууд хүлээж авахаас татгалзах, нэмэлт хязгаарлалт тогтоож, хориг тавих эрсдэл үүснэ.
Мөн манай улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайд дамжин нисдэг олон улсын өнгөрөлтийн нислэгүүд
цуцлагдаж үүнээс олдог навигацы үйчилгээний улсын төсөвт төвлөрүүлдэг орлого ч тасалдах эрсдэл
дагуулж болзошгүй юм. Ийм гашуун жишээ гэвэл Казахстан Улс нь 2009 онд ИКАО-ийн аудит шалгалтад
унасны улмаас олон улсын нислэг нь хязгаарлалтад орж, 2019 онд буюу 10 жилийн дараа л Их Британийн
Иргэний нисэхийн удирдах газарт нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын зөвлөх/дэмжих үйлчилгээ авч энэ хориг, хязгаарлалтаас гарсан гашуун жишээ энүүхэнд хаяанд байна.
-ИКАО байгууллага Монголын Иргэний нисхийнхэнд яг ямар алдаа үл тохирлууд байгааг илрүүлсэн юм бэ?
-Нарийвчилж хэлбэл, Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ийн Чикагогийн конвенцын
хавсралтуудад тусгагдсан аюулгүй ажиллагааны стандартуудын хэрэгжилтийг Док 9734(Аюулгүй байдлын
хяналтын заавар)-т заасан аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцооны найман шалгуур элементийн
хэрэгжилтийн дагуу шалгадаг. Үүнд нь LEG нисэхийн хууль, эрх зүйн орчин, ORG-Organization Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаа, PEL үнэмлэх гэрчилгээжүүлэлт лиценз олголт, OPS- Агаарын тээвэрлэгчдын үйл ажиллагаа, AIR-агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар, засвар үйлчилгээ AIG Нислэг
техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах, ANS Нислэгийн хөдөлгөөн удирдлага холбоо навигацийн үйл ажиллагаа, AGA Нисэх буудлын дэд бүтэц,газрын үйлчилгээний аюулгүй ажиллагааг тухайн улс хир зэрэг
хангаж байгааг шалгаад үнэлдэг аудитын протокол 790 гаруй асуултын дагуу шалгахад Монголын Иргэний
нисэхийн байгууллагад 179 асуултад үл нийцэл ажиглагдсан гэсэн байна. Энэ нь Монгол Улс ИКАО-ийн аюулгүйн байдлын аудит шалгалтад бүдэрч болзошгүй эрсдэл түгшээж байна. ИНЕГ энэ байдлаар бол үлдэж байгаа 3сар хүрэхгүй хугацаанд ийм олон үл нийцлийг засна гэдэгт эргэлзэж байна. Тэгэхлээр Монгол улсын Засгийн газар,бодлогын яамны хэмжээнд энэ асуудлыг онцгойлон авч ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй байна.
-Өмнө нь өндөр амжилттай шалгуулж байсан шалгалтаа одоо яагаад чадахгүй больчихов, хэний
алдаанаас болж Монгол Улсаа эрсдэлд оруулах болов?
-Өмнө нь С.Батмөнх даргын үед буюу 2010 онд Иргэний нисэхийн салбарынхан ИКАО-гийн аюулгүй байдлын аудит шалгалтад 88 хувийн өндөр хувьтай шалгагдсан үзүүлэлт бол Ази тивд 5 дугаарт, дэлхийд 15 дугаар байранд орсон өндөр амжилт байсан. ИКАО-ийн дарга Р.К.Гонзалис гуай 2011 онд өөрийн биеэр баяр хүргэж Монгол Улсад гурав хоног айлчилж байлаа. Гэтэл 2010 болон 2017 онд ирж байсан ИКАО-ийн аудит шалгалтад амжилттай орж байсан туршлага мэдлэгтэй чадварлаг бүрэлдэхүүн одоо үгүй болсон. ИНЕГ-ын удирдлагад улс төрийн шахаагаар тавигдсан дарга нар мэргэжлийн мэдлэг туршлагатай хүмүүсийг хавчин гадуурхаж шахан зайлуулах бодлого явуулсны хор уршиг ингэж гарч ирж байна. Тухайлбал, ИКАО-ийн аудит шалгалтын хамаг ачааг үүрч гарах гол алба нь буюу дээрх 790 протокол асуултын дийлэнхэд хариулах ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны даргаар нь гэхэд л сошиалд BATENGINEER нэрээр алдаршсан Цэдэвдамбын Бат гэгчийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний ах “хэро” Баатар гуай Монголын талаас АНУ руу үйлдэх шууд нислэгийг чухам л хийж чадах ганц хүн гэж Ц.Батыг улайран дэмжиж ХАСУМ буюу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хүртэл АТГ-аас агшин зуурын дотор хянуулан 2024 оны 5 дугаар сард ИНЕГ-т томилуулсан. Тэгвэл Ц.Бат нь АНУ-ын Иргэний нисэхийн захиргаа FAA болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO аюулгүй байдлын аудит шалгалтад сайтар бэлтгэх хугацаа хангалттай байхад сошиалын цахим сүлжээнд өөрөө өөрийгөө тэнгэрт тултал магтаж,бусдыг гутаан доромжилсон гүжрийн юм жиргэж, хамаарал бүхий хүмүүсээ ИНЕГ, МИАТ-д шахах амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг л гол зорилгоо болгож байснаас биш эрхэлсэн ажил үүргээ хөсөрдүүлсэн. Мөн Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг зөрчиж Ч.Мөнхтуяа гэгчийг 3ТХ-ийн сайд тушаал гарган 2023 оны 01 дүгээр сард ИНЕГ-ын даргаар шууд томилсон явдал нь өнөөдрийн энэ бүх алдаа завхралыг эхлүүлсэн. Ч.Мөнхтуяа ИНЕГ-ын дарга болонгуутаа найз нөхдөө буюу Ардчилсан нам 2012-2016 онуудад засгийн эрх барьж байсан үед ИНЕГ- хамтдаа дарга даамал хийж эрх ямба эдэлж асар олон алдаа завхрал гаргаж байсан этгээдүүдээ даргаар эгүүлэн авч, өөрийн ах дүү, хамаатан саднаа байгууллагын зардлаар сургуульд явуулж, ИНЕГ-ИНҮТ-д албан тушаалд ажилд авч авлига ашиг сонирхлын зөрчил гаргаж, 2023 онд “Иргэний нисэхийн тухай хууль”-ийг шинэчлэн батлуулах, 2024 онд Монгол улсаас АНУ уруу шууд нислэг хийхэд зөвлөх үйлчилгээ авах, 2025 онд “Нисэх хүчний 100 жилийн ой”-г тэмдэглэх зэрэг томоохон арга хэмжээнүүдээр далимдуулан олон тэрбумын үргүй зардал гаргасан бөгөөд харин үүнийг нь эсэргүүцсэн шударга хүмүүсийг орон тооны цомхотголд оруулж ажлаас нь халж амьдралаар нь хохироох ажиллагааг чадамгай лаа. Энэ мэт чадваргүй, хуурамч, зальхай этгээдүүдийн бий болгосон алдаа, завхарлыг одоо ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр засах гэж маш их зовж байгаа.
-Тэгэхлээр Монгол Улсын Засгийн газар 2024 онд АНУ-ын Засгийн Газартай Агаарын харилцааны гэрээ
байгуулсан, 2024 оны 2 дугаар хагаст АНУ руу шууд нислэг үйлдэнэ гээд сурталчлаад байсан нь хоосон
тунхаг болж таарав уу?
-За бараг тийм болж таарч байна. Уг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ нөхдүүд АНУ-ын кат-1(категор нэг) эрх авчихсан бол ИКАО шалгалт энэ удаа ирээгүй ч бай мэдэх байлаа. Уг нь манай улс аль 2011 онд АНУ руу нислэг үйлдэх алхмууд хийж шалгуур нөхцөлийн түвшинг хэрхэн хангаж байгааг шалгуулах, зөвлөгөө авах зорилгоор С.Батмөнх даргын үед АНУ-ын Холбооны иргэний нисэхийн захиргаанд(FAA) хүсэлт гарган зохих төлбөр хийж урьдчилсан аудит шалгалт хийлэж зөвлөгөө авч байлаа. Тухайн үед FAA аудитын урьдчилсан шалгалтаар илэрсэн 17 зүйлийн үл тохирлуудыг арилгаж эргэж мэдэгдсэний дараа дараагийн аудит хийнэ гэдгээ албан ёсоор тайландаа мэдэгдсэн байсан. Харамсалтай энэ асуудал дээр төвлөрч ажиллах үүрэгтэй Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст ажилладаг Ч.Мөнхтуяа нарын хүмүүс FAA-ийн өгсөн зөвлөмжид дурьдсан үл тохирлуудыг арилгаагүйгээр үл барам эргэн мэдээлээгүй 10 гаран жил хав дарж, хугацаа алдуулж 2024 онд FAA-ийн шалгалтад бэлтгэх зөвлөх үйлчилгээ дахин авах нэрийдлээр хоёр тэрбум төгрөг үргүй зарцуулаад байгаа нь ноцтой асуудал.
-Энэ удаагийн ИКАО-гийн аюулгүй байдлын урьдчилсан аудит шалгалтаар манай улсын иргэний нисэхийн
хууль, дүрэм буруу, олон улсын нэгдэн орсон ИКАО-ийн конвенцийн зүйл заалттай үл нийцэж байгаа гэсэн учир дутагдалтай хуулийг хэдэн хүн 2025 онд батлуулсан гэх яриа байна. Энэ үнэн үү?
– Тэр үнэн. Миний мэдэхийн сүүлийн 15 жилд Зам тээврийн сайд бараг 12 удаа солигдох бүрд Иргэний
нисэхийн тухай хуулийг шинэчлэх ажлийн хэсгүүд томилогдож байсан. Хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн одоогийн Иргэний нисэхийн тухай хуулийг нисэхийн
үндсэн мэргэжлийн бус хэдэн авгай, харуул найз нөхдийн хүрээнд булагнаж үйлдсэн. Тухайлбал, 3ТХ-ийн
яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ТЗУГ-ын дарга Одхүү, ИНЕГ-ын даргаар хууль зөрчиж
томилогдсон Ч.Мөнхтуяа, одоо ЗТЯ-ны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга 3.Туяа, ИНҮТ-ийн менежер П.Ганболд, сошиалын хэрүүлч Ц.Бат гэх мэт хүмүүс нэмэгдэл төсөв урамшуулал эдлэн нөгөө “Чимид гуай Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч” гэдэг шиг эдгээр ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд Иргэний нисэхийн тухай хуулийн авторууд гэх нэр алдрын эзэн болох гэж улайрч булагнаж хийсэн нь их алдаатай дутуу дулимаг хууль болж үл нийцэж байгааг өнгөрсөн 9 сард ирсэн ИКАО-гийн зөвлөх багийн дүгнэлтээр илэрсэн байна. Тухайн үед би Иргэний нисэхийн хууль шинэчлэх ажлын хэсэгтээ салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээ,инжинер, докторууд,ТОП менежерээр ажиллаж ирсэн туршлага мэргэжилтэй хүмүүсээс оруулж ажиллуулаачээ гэхэд С.Бямбацогт сайд хүлээж авах нь байтугай “Хэтэрхий мэргэн жараахай минь чи битгий олон юм хуцаад байгаарай” гэж намайг загнасан удаатай. Одоо энэ хуулийг гологдол болгосон эдгээр хүмүүст арга хэмжээ тооцож мэргэжлийн мэдлэг туршлагатай хүмүүсээр дахин баг бүрдүүлж шинэчлэн найруулж ИКАО-ийн конвенцийн хавсралт баримт бичгүүд стандартад нэн яаралтай нийцүүлж УИХ-ын хаврын чуулганы эхэнд батлуулах шаардлага гарч ирж байна. Ер нь манай сайд нар салбарынхаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй, үл тоодог, зөвхөн өөрийг нь тойрсон ойрын хүрээллийн зальхай этгээдүүдийн үгээр, өөрөөр хэлбэл аягачин шивэгчнийхээ хов живд итгэн эрдэмтэн мэргэдээ хөнөөдөг хаан шиг дунд зууны сэтгэлгээгээр төрийн ажлыг явуулдаг нь маш харамсалтай.
Шулуухан хэлэхэд Монгол Улсыг энд нэр дурьдагдсан хумуус ИКАО-ийн аудит шалгалтад бүдрэх эрсдэлд оруулсан байна. Хэд хэдэн шуурхай арга хэмжээг авчихвал бүдрэхгүй байх боломж харагдаад байгаа юм.
Гэсэн ч гадна яваа бидний үгийг хэн ч сонсохгүй.
-Та Иргэний нисэхэд ажиллахгүй байгаа юм уу. Одоо юу хийж байна вэ?
-Би ажилгүй болоод хоёр жил болж байна. ИНЕГ-т хоёрхон мэргэжлийн доктор байсныг хоёуланг нь ажлаас
халсан. Ингэхдээ намайг 60 нас хүрч тэтгэвэртээ гарахад нэг сар дутуу байхад, О.Намбат докторыг мөн 60
хүрэхэд нэг хоног дутуу байхад бид хоёрыг орон тооны цомотголд оруулан ажлаас халчихсан.
-Ийм харгис шийдвэр хэн гаргав?
-Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар ИНЕГ-ын даргаар шууд томилогдсон Ч.Мөнхтуяа гэдэг авгай ийм харгис шийдвэр гаргасан. Бид шүүхэд хандаад хоёр жил гаран болж байна. Уул нь төрийн байгууллагад 65 нас хүртэл ажиллах эрх Үндсэн хуулиар олгогдсон байдаг ч насаараа ажилласан байгууллагаасаа нэр төртэй тэтгэврээ тогтоолгож чадсангүй.
Ер нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу Ерөнхий сайд гарч ирсэн цагаас аливаа төрийн байгууллагад мэргэжлийн мэргэшсэн туршлагатай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж шахан зайлуулах, залуучууд нь бүхнийг мэднэ,
хийнэ, чадна гэсэн давилуун сэтгэлгээ газар авснаас дутуу боловсролтой дундуур мэдлэгтэй, ажил
амьдралын туршлаггүй хүмүүс төрийн албанд олноор орж төрийн бүх шатны алба ажлыг унагасан
хариуцлаггүйн жишээ үүгээр илэрч байна. Харин ахмадууд бол амьд архив, явдаг номын сан, төрийн ой
санамж байж аливаа эрсдэлийг тэд л урьдчилж харж тэр саад, бэрхшээлийг хэрхэн гарз хохиролгүй тойрч гарах арга замын мэднэ шүү дээ. Тэгээд ч Их эзэн Чингис хаан: “Мориноосоо буулгүй дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж хэлсэн захиасыг манай төрийн сайд, дарга нар санаж явах хэрэгтэй юм.