Хөх, уушгины хорт хавдрын эмийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авч эхэлжээ

338585-21012026-1768989773-569573561-616194584_1309862604508738_4885468721949830342_n

Манай улсад хөхний хорт хавдрын өвчлөл жил бүр өссөөр. 

Нийт тохиолдлын 50 хувь нь хожуу буюу III–IV үе шатандаа оношлуулжээ. Хожуу оношилсон тул өвчтөний амь насанд  эрсдэлийг дагуулдаг. Хөхний болон уушгины хорт хавдар Монголд нийт өвчлөлийн эхний дөрөв, тавдугаарт бичигддэг гэж ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав ярилаа. Тэрээр “Эдгээр хавдар нэмэгдэх хандлагатай байна гэв.

Ялангуяа хүнд хэлбэрийн хавдрын үед энгийн эмчилгээнээс илүүтэй дэвшилтэт технологи зайлшгүй шаардлагатай болдог. Гэвч өндөр өртөгтэй тул иргэдэд санхүүгийн томоохон дарамт болдог аж.



Өнгөрсөн онд Эрүүл мэндийн яам, Швейцарын “Roche”, “Керри Майнинг” болон “Монос трейд” компаниуд дөрвөн талт харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. ХСҮТ-д хөхний, уушгины хорт хавдрын гурван төрлийн эмийг “Roche” компанитай тохиролцон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авна. Ингэхдээ “Керри Майнинг” компанийн нэг сая ам долларын санхүүжилтээр нийлүүлнэ. Эдгээр эмийг үе шаттайгаар эмчилгээнд нэвтрүүлж эхэлжээ.

Одоогоор хөхний хорт хавдартай 30 орчим, уушгины хорт хавдартай хоёр өвчтөн эмчилгээнд хамрагдсан. Тэдний эмчилгээний үр дүн сайн, хавдрын хэмжээ багассан, уушгины хавдрын явц тогтворжжээ.

Өмнө нь удаан хугацаанд судсаар хийдэг байсан эмчилгээг нэгтгэн, ердөө таван минутын дотор хийдэг болжээ. “Монос трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбат “Ганц байгууллага бус, зорилго нэгтэй олон тал нэгдвэл илүү их боломжийг бий болгож, олон хүн аврах боломжтойг энэ төсөл харуулж байна” гэлээ.

Төслийн хүрээнд нийлүүлэх эм тариаг хоёр үе шаттай татан авч, эхний ээлжид 2025 оны тавдугаар сард, хоёр дахь шатны эм тариаг өнгөрсөн долоо хоногт ХСҮТ-ийн Эм зүйн нөөцийн албанд хүлээлгэн өгчээ.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн III ангийн оюутан Н.Номин  

About Author