Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Цахилгаан хязгаарлалт үргэлжилсээр байгаа энэ цаг үед Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
ЭШЛЭЛ 1
Би 2022 оны наймдугаар сараас Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Намайг ажлаа авах үед төвийн бүсийн нэгдсэн системд 1264мВТ зургаан станц л холбоотой байсан. Түүнээс хойш 600 мВТ хүчин чадалтай эх үүсгэвэр ашиглалтад оруулаад байгаа юм. Гэсэн ч хангалтгүй байна. Ойрын жилүүдэд эрчим хүчний эх үүсгэврүүдийг огцом нэмэгдүүлэх шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 2
ТЭЦ-4 цахилгаан станц дээр дөрөвдүгээр зуух үлээлттэй яваад байсан юм. Сүүлийн хоногуудад чадлын дутагдалтай байсан учраас нэг нэгээр нь гэмтлийг засварлаад явж байгаа. ТЭЦ-4-ийн ажилчид үүнийг засварлахад 48 цаг хэрэгтэй гэсэн. Аль болох богино хугацаанд гэмтлийг засварлана.
ЭШЛЭЛ 3
Нэгэнт чадлын дутагдалд орчихсон байгаа нөхцөлд хөлдөлт үүсгэж болохгүй. Хэрэглээг хязгаарлаж явахгүй бол систем 0 зогсолт хийх хэмжээнд байгаа. Тэгвэл улсаараа цахилгаангүй болох эрсдэлтэй. Энэ хоёр хүндрэл дээр манай эрчим хүчний салбарынхан анхаарч байна.
ЭШЛЭЛ 4
Энэ асуудал нэг өдөр үүсчихээгүй. Сүүлийн 40 гаруй жил бий болсон асуудал. Би өөрийгөө сайн, муу гэж ярих утгагүй. Нэг зүйл дээр өөрийгөө буруутгаж байгаа. Энэ бол асуудлын талаар ярьж байсан боловч олон нийтэд сайн хүргээгүй байсан юм байна гэж бодож байна.
ЭШЛЭЛ 5
УИХ-ын гишүүн Ө.Шижир намайг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм билээ. Эрчим хүч чадлын дутагдалд орчихсон ийм үед сөрөг хүчин улс төр хийхэд таатай нөхцөл шүү дээ.
ЭШЛЭЛ 6
Бөөрөлжүүтийн станц дээр тогтвортой эрчим хүч нийлүүлж өгөхгүй байна. Хааяа 200, 300 мВт нийлүүлж байна. 100мВТ нийлүүлсэн ч тохиолдол бий.
ЭШЛЭЛ 7
Төвийн бүсийн нэгдсэн системд 69 зуух бий. Бүгд л 40-өөс дээш жилийн насжилттай болчихсон.
ЭШЛЭЛ 8
Улсын төсвийг батлах үед манай салбараас тодорхой төсвүүд хасагдсан. ТЭЦ 4 станц дээр есдүгээр зуухны ТЭЗҮ-г боловсруулчихсан байгаа. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд төсөвт суулгах гээд төсөв дийлэхгүй байгаа.
ЭШЛЭЛ 9
Төсвийн мөнгөөр эрчим хүчний эх үүсгэвэр бариад ашиглалтад оруулна гэдэг их төвөгтэй. Худлаа шийдвэр болно. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг хайж, аргадаж, лоббидож байж энэ хэдэн төслүүдийг явуулж байгаа. Надаас өөр хэн ч байсан үүнийг хийх л байсан.
ЭШЛЭЛ 10
Би 2022 оноос хойш Засгийн газрын баталгаагүйгээр 4,5 цахилгаан станцад 15 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулаад байхад шүүмжлүүлээд зогсож байна. Ийм л байдалтай байна.