Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
Эх сурвалж: 24tsag.mn
Цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан 61 дэх жилдээ (2020, 2021 онд өнжсөн) болох гэж байна. Энэ барилдаанд хамгийн олон түрүүлсэн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ (13) бол хамгийн бага цолтой түрүүлсэн нь улсын начин Э.Мөнхжаргал (2022 онд аймгийн заан) юм. Цагаан сарын барилдаанд өнгөрсөн 60 жилийн хугацаанд морь жил таван удаа тохиосон бөгөөд 1966 оны анхны морь жилийн барилдаанд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэж байв.
Харин 1978 оны морь жилийн тус барилдаанд дархан аварга Д.Цэрэнтогтох, 1990 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2002 онд улсын аварга Д.Сумъяабазар, 2014 онд улсын гарди Д.Рагчаа түрүүлж байв. Морь жилийн Цагаан сарын барилдааны их шөвөгт аварга О.Хангайг эс тооцвол (2014 онд аймгийн арслан) улсын заан болон түүнээс дээш цолтон шалгарсан байна.
Цагаан сарын анхны барилдаан (1963 он)-д дархан аварга Ж.Мөнхбат түрүүлж, дараа жил нь хоёронтоо түрүүлсэн 1964 онд нь цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ хорвоод мэндэлж байжээ. Тэгвэл дархан аварга Д.Цэрэнтотохын морь жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн 1978 онд улсын аварга Г.Эрхэмбаяр, дархан аварга Б.Бат-Эрдэнийн түрүүлсэн 1990 оны морь жилд улсын аварга О.Хангай, улсын аварга Д.Сумъяабазарын Цагаан сарын барилдаанд түрүүлсэн 2002 оны морь жилд өнгөрсөн наадмын түрүү бөх, улсын арслан Э.Батмагнай нар хорвоод мэндэлжээ. Морь жилийн анхны Цагаан сарын барилдаанд дархан аварга Х.Баянмөнх 25-ны жилдээ түрүүлж байлаа.