Говь-Алтай аймаг дэхь Гэгээн нуурын хөвөөнд цам гаргах, майдар эргэх, сор залах шашин соёлын арга хэмжээ болно
“Алтайн хавар-2023” Говь-Алтай аймгийн бүсийн уралдаан энэ сарын 10, 11-нд болох бөгөөд үүнтэй хамтатган цам гаргах, майдар эргэх, сор залах шашин соёлын үйл ажиллагаа болно. Уг үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн Тайшир сум, Гэгээн нуурын хөвөөнд Наробанчин гэгээнтний хүрээ хийдийн туурь буй газарт зургаадугаар сарын 10, 11-ний өдөр болох аж.
Цам гаргах, майдар эргэх, сор залах шашны үйл ажиллагааны ач холбогдлын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцаас тодрууллаа.
-Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах, хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах шалтгааны улмаас үйлддэг шашны томоохон баяр бүхий зан үйл юм. Цамын ёслол нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Монголчууд эрт дээр үеэс цам харайсан хүн буян хурдаг, урт насалдаг гэж ярьдаг. Дээдийн номын ариун дуу дуурсан, соён гэгээрэх, ариусан дэлгэрэхийн сайн мөрт, хүмүүнлэг энэрэнгүйг дэвтээж ирээдүйн сайн сайханд зоригдсон бурхны шашны зан үйлүүд олноор уламжлагдан ирсний нэг нь Майдар эргэх ёсон юм. Майдар бурхны дагаснаар саад зэтгэрийг хялбар даван туулж эцэстээ гэгээрлийн хутгийг олох, эдүгээ хамаг амьтан аймшигт өвчин зовлон, цаг бусын үхэл хагацлаар нэрвэгдэхгүй навч цэцэг, хур бороо цаг цагтаа дэлгэрэн бууж, хүний сэтгэл үйл ариусан дэлгэрэхийн нягууртай” хэмээн онцлов.
Энэхүү шашин соёлын үйл ажиллагаа нь нэг талаар сүсэгтэн олонд зориулсан шашны үйл ажиллагаа бөгөөд нөгөө талаас аялал жуулчлалын цаг эхэлж буйтай холбоотойгоор жуулчдыг татах томоохон үйл ажиллагаа болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ