Пусаны кино өдөрлөгийн үзвэрийн хэсэгт “Их говийн манаач” баримтат кино шалгарлаа
Монголын кино урлагийг олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Кино урлагийн зөвлөл нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг гурав дахь удаагаа БНСУ-ын Пусан хотын кино ордонд 2026 оны 04 дүгээр сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж буй.
“Монгол кино өдөрлөг–2026” арга хэмжээнд олон нийтэд хүргэх үзвэрийн хэсэгт кино бүтээлийн сонгон шалгаруулалтад нийт 15 кино бүтээл ирүүлснээс Кино урлагийн зөвлөлийн шийдвэрээр дараах кино уран бүтээлүүдийг шалгаруулсан байна. Үүнд,
Найруулагч С.Баттулгын “Эцэг” уран сайхны кино
Найруулагч Э.Нямжаргалын “Зүрхний сараан” уран сайхны кино
Найруулагч Л.Таванбаярын “Хадам ээж” уран сайхны кино
Найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач” баримтат кино
“Их говийн манаач” баримтат киноны продюсероор Eguurnews мэдээллийн агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам, найруулагчаар Э.Ган-Очир нар ажилласан юм.
“Их говийн манаач” баримтат кино алтайн өвөр говьд цөөн тоогоор мэнд үлдсэн, үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн сэдвийг хөндсөн юм. Урьд өмнө мазаалай баавгайн талаарх кино, нэвтрүүлгүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн шинж чанартай хийгдэж байв. Тэгвэл энэ удаа мазаалайн талаар мэдээлэл өгөхөөс гадна түүний амьдардаг орчныг гойд дүрслэн үзүүлж, байгаль хамгаалагч, эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дэлгэн харуулснаараа онцлог.