“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” эхэллээ
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тус арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” цогцолбортой хамтран энэ амралтын өдрүүдэд Скай резорт цанын баазад зохион байгуулж байна.

Өдгөө 14 дэх жилдээ болж буй тус наадмын үеэр доорх тэмцээн, уралдааныг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал,
- Монголын үндэсний тоглоом наадгай болох Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн;
- Мөсний шагайн харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- Параглайдинг /уулын шүхэр/-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- Цасны Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн;
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн;
- Гранд тур /winter cup/ аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах зэрэг тэмцээнүүд болно.
Мөн үндэсний урлагийн тоглолт, монгол Банхар нохойн танин мэдэхүйн хөтөлбөр, цана, чарга, хоол ундны үйлчилгээ, шувуулахуйн болон шүхрийн үзүүлбэр болох юм.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ зэрэг улсаас 50 гаруй тамирчин хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьж байна.

Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд оролцох бүрэн боломжтой. Уг наадмаар дамжуулан Монгол орны үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой юм.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС













