С.Бямбацогт: Бид зэсээ дотооддоо хайлуулж, боловсруулбал валютын урсгал Монголдоо үлдэнэ

64707b81da151

Эх сурвалж: Өдрийн сонин

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та сүүлийн үед орон нутагт нэлээд идэвхтэй ажиллаж байна. Орон нутгийн иргэд, малчидын аж амьдрал ямар байна, хэлж байгаа санал, шүүмжлэл нь юу байна вэ?

-Орон нутагт ажиллахын гол зорилго бол бодлого цаасан дээр үлдэх биш, иргэдийн амьдрал дээр яаж бууж байна вэ гэдгийг нүдээр үзэх, чихээр сонсох явдал. Төрийн шийдвэр Улаанбаатарт гарч болно, харин хэрэгжилт нь сум, баг дээр л шалгагддаг. Тиймээс аймаг, сумдын удирдлагууд, иргэдтэй шууд уулзаж, тулгамдсан асуудал бүр дээр бодит шийдэл гаргах зарчмаар ажиллаж байна. Иргэд маш тодорхой, амьдралд ойр асуудлуудыг хөндөж байна. Тухайлбал, хатуу хучилттай авто замын хэрэгцээ, газар өмчлөх, эзэмших боломж хумигдсан байдал, төрийн үйлчилгээ удаан, хүнд сурталтай байгаа асуудал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, банкны зээлийн өндөр хүү, малчдын залуу халаа тасалдаж болзошгүй эрсдэл гэх мэт. Эдгээрийг зүгээр сонсоод өнгөрөх биш, ямрыг нь орон нутаг өөрөө шийдэх боломжтой, ямрыг нь төвийн түвшинд шийдэх ёстой вэ гэдгийг ялгаж, ажлын төлөвлөгөөнд тусгаж байна. Мөн зуд, гангийн эрсдэлтэй бүсүүдэд туулах чадвартай техник, малын тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг УОК, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

-Хаврын чуулганаар Засгийн газраас ямар хуулийн төсөл оруулж ирэх вэ. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг аль аль нам нь оруулахаар бэлтгэж байх шиг байна…?

-Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол хийсвэр уриа биш байх ёстой. Иргэн, аж ахуйн нэгж хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, бизнес эрхэлж байгааг нь төр боомилохгүй, харин дэмждэг бодит орчин юм. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл, татвар, шалгалт нэрийн дор дарамталдаг бус, зөвлөн тусалдаг төрийн бодлого хэрэгжих ёстой. Ийм зорилгоор баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байна. Хаврын чуулганаар эдгээр хуулийг олон талаас нь шүүн хэлэлцэж, иргэн, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд жинхэнэ утгаараа үр өгөөжтэй, чамбай хууль батлахад анхаарна.

-Жижиг, дунд үйлдвэрийг онцолж байгаагийн шалтгаан юу вэ?

-Учир нь ЖДҮ бол эдийн засгаа олон тулгууртай болгох суурь. Нэг салбараас, нэг түүхий эдээс хамааралтай эдийн засаг эмзэг байдаг. Харин жижиг, дунд үйлдвэрлэл хөгжвөл импортыг орлож, экспортыг тэлэх боломж нээгдэнэ. Нөгөө талдаа ЖДҮ бол хамгийн олон ажлын байр бий болгодог салбар. Халамжид суурилсан нийгэм бус, хөдөлмөрийг дээдэлсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгоход ЖДҮ шийдвэрлэх үүрэгтэй.

-Татварын шинэчлэлийн хүрээнд ямар бодит өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид эдийн засгаа боомилдог бус, бойжуулдаг татварын тогтолцоонд шилжинэ. Үүний нэг тод жишээ бол татварын хялбаршуулсан горимын босгыг 400 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шийдвэр. Ажил хийж, орлого олж байгаа иргэд, бизнес эрхлэгчдээ татвараар дарамтлах биш, хөл дээрээ тогтоход нь төр зөвлөн тусалж, дэмжих бодлого баримтална.

-Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар та нэлээд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлдэг. Гол асуудал нь юу вэ?

-Өнөөдөр төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дарга нар нь бараг бүгдэд нь 100 хувь гэж үнэлдэг. Гэтэл иргэдийн төрийн үйлчилгээнд өгч буй сэтгэл ханамж ердөө 40 орчим хувьтай байна. Энэ бол төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн, үнэлгээ, хяналт хоорондоо уялдахгүй байгаагийн тод дохио. Хянаж чадахгүй бол хэмжиж чадахгүй, харин хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг үг бий. Өнгөрсөн оны наймдугаар сард төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээг ил тод болгосон. Ингэснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт бий болсон. Одоо “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем”-ийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Эхний ээлжинд ЗГХЭГ, ХЗДХЯ, ГБХНХЯ болон харьяа 15 байгууллагад нэвтрүүлж байна. Цаашид бүх төрийн байгууллагад хэрэгжинэ. Төрийн албан хаагчдыг чичлэх бус, хийсэн ажилд нь зөв үнэлэлт өгч, дэмжиж байж төрийн албаны нэр хүнд, бүтээмж өснө.

-Таны хувьд өмнө Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед эхэлж байсан бодлого одоо хэрхэн үргэлжилж байна вэ?

-Зам бол хөгжлийн судас. Зам, тээврийн сайд байхдаа бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох бодлого баримталж ирсэн. Өнөөдөр Завхан, Ховд, Увс зэрэг баруун бүсийн аймгууд шат дараатайгаар замтай болж байна. Зам тээврийн сайд байхдаа эхлүүлсэн Улиастай–Алтай, Ховд–Улаангом, Арцсуурь–Түдэвтэй чиглэлийн авто замууд шат дараатайгаар хэрэгжиж байгаа. Эдгээр зам ашиглалтад орсноор баруун бүс Ази–Европ, Орос–Хятадыг холбосон босоо тэнхлэгийн коридортой болж, худалдаа, аялал жуулчлал, шатахууны хангамж гээд олон талын боломж нээгдэнэ.

-Эрчим хүч, үйлдвэрлэлийн талаар баримталж буй гол бодлого юу вэ?

-Үйлдвэр барьдаг үндэстэн хөгждөг гэдэг үг бий. Багануурын үйлдвэрлэл, технологийн парк, нүүрс-пиролизын үйлдвэр, зэс хайлуулах цогцолбор зэрэг төслүүд бол Монгол Улсыг түүхий эд экспортлогч бус, үйлдвэрлэгч улс болгох стратегийн алхам. Эдгээр төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр бий болж, нэмүү өртөг дотооддоо үлдэнэ. Нөгөөтэйгүүр эрчим хүч бол хөгжлийн зүрх. Тосонцэнгэл ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг төслүүд хэрэгжсэнээр баруун бүс эрчим хүчний хувьд бие даах нөхцөл бүрдэж байна. Үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулагдсанаар орон нутагт ажлын байр бий болно, залуус хот руу шилжих урсгал саарна, мал, түүхий эдийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Энэ бол зөвхөн нэг аймаг бус, бүс нутгийн хөгжлийн бодлого юм.

-Багануурын “Хөх нүүрс” төслийг яагаад стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?

-Энэ төсөл бол нэг үйлдвэр барих тухай асуудал биш. Эдийн засаг, экологи, нийгэм, эрчим хүч, аюулгүй байдлыг нэг дор шийдэх цогц бодлого юм. Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд маш тодорхой ашигтай. Одоо иргэдэд борлуулж байгаа түлшний өртөг нэг тонн нь 1.1 сая төгрөг байна. “Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр энэ өртөг 280 мянган төгрөг болж, дөрөв дахин буурна. Ингэснээр төрөөс жил бүр олгодог 400 тэрбум төгрөгийн татаасыг хэмнэх боломж бүрдэнэ гэсэн үг.

-Агаарын бохирдолд бодитой нөлөө үзүүлэх үү гэдэгт иргэд эргэлздэг. Та үүнд ямар хариулт өгмөөр байна вэ?

-Эргэлзэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ төсөл тоо баримттай, технологид суурилсан шийдэл. “Хөх нүүрс” нь пиролизын аргаар боловсруулагддаг, дэгдэмхий бодис багатай түлш. Судалгаагаар агаарын бохирдлыг 70 хүртэл хувиар бууруулах боломжтой, утаа, тортог, үнс эрс багасна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утааг багасгах бодит шийдлийн нэг тулгуур нь энэ төсөл. Шууд 400 орчим ажлын байр бий болно. Үүгээр зогсохгүй, Багануурт үйлдвэрлэл дагасан үйлчилгээ, ложистик, засвар, тээвэр гээд хоёрдогч ажлын байрууд нэмэгдэнэ. Багануур бол зөвхөн уурхайтай хот биш, үйлдвэрлэлтэй хот болж хувирна. Тиймээс энэ бол стратегийн түүхий эдийн суурь төсөл. “Хөх нүүрс”-ний боловсруулалтаас дизелийн түлш, тэсэлгээний бодис, метанол үйлдвэрлэх түүхий эд гарна. Өнөөдөр бид эдгээрийг гаднаас өндөр үнээр импортолж байна. Харин энэ төсөл хэрэгжвэл стратегийн хамаарлаас гарах боломж бүрдэнэ. Эрчим хүчний хувьд төслийн хүрээнд 40 МВт цахилгаан үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Сайн мэдээ гэвэл, 100 жил ажиллах нөөцтэй нүүрсний уурхайгаа түшиглэсэн Багануурын Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, техник-эдийн засгийн үндэслэл бүрэн дууссан байна.

-Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал сүүлийн жилүүдэд олонтаа яригдаж байна. Яг одоо энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах ажил бодит ахицтай урагшилж байна. Одоогоор дэлхийн долоон улсын 13 компани Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. Эдгээрээс туршлага, техник технологи, санхүүгийн чадавхаар шалгарсан БНХАУ болон Швейцарийн дөрвөн хуулийн этгээд эцсийн шатанд үлдээд байна. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны I улиралд багтаан бүрэн дуусгах бэлтгэл хангагдсан.

-Монгол Улс яагаад заавал зэс хайлуулах үйлдвэртэй болох ёстой гэж?

-Өнөөдөр Монгол Улс зэсийн хүдрийг олборлож, баяжмалаар нь экспортолж байна. Гэвч баяжмал бол эцсийн бүтээгдэхүүн биш. Нэмүү өртгийн дийлэнх нь гадаадад үлддэг гэсэн үг. Хэрэв бид зэсээ дотооддоо хайлуулж, боловсруулбал нэг тонн баяжмалаас олдог орлого 2–3 дахин нэмэгдэнэ. Валютын урсгал Монголдоо үлдэнэ.

-Уг үйлдвэр ашиглалтад орсноор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?

-Жилд 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Үүгээр зогсохгүй стандарт зэс, алт, мөнгөн гулдмай, хүхэр, түүхий никель, сульфат зэрэг нийт долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ нь дан ганц Эрдэнэт төдийгүй Оюутолгойн зэсийн хүдрийг ч дотооддоо боловсруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн үйлдвэр баригдсанаар эдийн засагт үзүүлэх бодит нөлөөг гурван түвшинд харж болно. Нэгдүгээрт, эдийн засгийн өгөөж, экспортын орлого нэмэгдэнэ. Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого өснө. Валютын гадагшлах урсгал багасна. Хоёрдугаарт, үйлдвэржилтийн нөлөө. Зэс утас, кабель, машин механизм, өнгөт төмөрлөгийн дагалдах үйлдвэрүүд олноороо байгуулагдах суурь тавигдана. Гуравдугаарт, олон мянган ажлын байр бий болно. Инженер, технологич, мэргэжилтнүүдийн эрэлт өснө. Орон нутгийн хөгжил бодитоор урагшилна.

-Хөрөнгө оруулагчдыг сонгохдоо юуг гол шалгуур болгож байна?

-Энэ бол Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл учраас нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнийг гол зарчим болгож байна. Ямар ч улс төрийн нөлөө, далд тохироо байхгүй. Техник технологийн шийдэл, байгаль орчны стандарт, санхүүгийн чадавх, урт хугацааны тогтвортой ажиллагаа зэргийг цогцоор нь харгалзаж байна. Нөгөөтэйгүүр урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажил ойролцоогоор хоёр жил үргэлжилнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс зэсийн салбарт шинэ шатанд гарна. Зэс бол XXI зууны стратегийн металл. Цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, дижитал эдийн засгийн үндсэн түүхий эд. Зэсээ түүхийгээр нь гаргаад суух биш, өөрсдөө үнэ цэнэ нэмдэг улс болох нь тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал юм.

About Author