Г.Ганбаатар: Багш нарын цалин бодитоор ₮177 мянгаар л нэмэгдсэн бол орон тоогоо хэтрүүлсэн УХТЭ-ийн удирдлагууд цалингаа огт нэмээгүй байна

6g54ch_MPA48518_x974

Эх сурвалж: ikon.mn

Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмсэн хэмээн залилсан талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “УИХ 2026 оны төсвийг батлахдаа багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар буюу 724 мянган төгрөгөөр, арваннэгдүгээр сарын 1-нээс 25 хувиар буюу 2.8 сая төгрөгт хүргэхээр эх үүсвэр дээр нь 518.5 тэрбум төгрөгийг баталж өгсөн.

Мөн эмнэлгийн ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхээр нийт 190 тэрбум төгрөгийг баталсан.

Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэнгүй.

УИХ-ын гишүүний хувиар тойрогтоо ажиллах үед маш олон санал хүсэлт ирсэн. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн багш нар төр засгийн амлалтдаа хүрэхийг шаардсан. Багш нарын ур чадварын зэрэг бүх нэмэгдлийг хассан байна. Цалин нэмсэн нэртэй болохоос биш бодит байдал дээр 177 мянган төгрөг л нэмэгдсэн талаар багш нар хэлж байна. Мөн залуу багш нарын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч 35-аас дээш жил ажилласан багшийн цалин нэмэгдэх нь битгий хэл бараг хасагдсан тухай гомдол ирсэн.

Эрүүл мэндийн салбарынхны тухайд мөн адил эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 15 хувиар нэмэгдсэн байх ёстой. Харамсалтай нь зарим байгууллага дээр жишээ нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг цалингаа огт нэмээгүй. Тус эмнэлэг 576 орон тоотой байх ёстой атал 84 орон тоо илүү байгаа учраас цалингийн 15 хувийн нэмэгдлийг өгч чадахгүй гэж удирдлагууд нь мэдэгдсэн байна.

Бид энэ мэтээр бодит байдал ямар байгаа талаар олон нийтэд мэдээлж, цаашид Улсын хоёрдугаар төв эмнэлэг шиг орон тоогоо нэмсэн, нийт ажилтны цалингийн нэмэгдэл орон тоо хэтрүүлэн авч ажиллуулсан хэдэн хүний цалин болж байгаа жишээнүүдийг судалж, мэдээлэх болно” гэв. 

About Author