Д.Цогзолмаа: Бусдын буруугаас болж есөн жилийн хөдөлмөр үнэгүйдэж, хаалгаа барих дээрээ тулаад байна
Эх сурвалж: Zuv.mn
Сар шинийн баярын өдөр дөхөж, бууз баншны үйлдвэрүүд ачааллаа даахгүй ажиллах нь элбэг байдаг. Гэвч мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн ид ажлын үеэр үйлдвэрээ хаах дээрээ тулсан нэгэн бизнес эрхлэгч эмэгтэйг бид онцолж байна.
“Хүннү хөгжил трейд” ХХК 2017 оноос эхлэн энэхүү салбарт хөл тавьж үйл ажиллагаагаа явуулаад есөн жилийг ардаа үджээ. Д.Цогзолмаа гэх эмэгтэй анх гэр бүлийн дөрвөн гишүүний хамт энэхүү бизнесээ эхлүүлсэн байна.
Гэвч өөр компанийн “Хүннү” хэмээх нэртэй гэдсээр хийсэн буузны мэдээлэл цахим орчинд цацагдсанаас болж, тэдний борлуулалт зогсож, иргэдэд төөрөгдөл үүсч, үйлдвэрээ хаагаад дөрөв хонож байна. Бид энэ асуудлаар “Хүннү хөгжил трейд” ХХК-ийн захирал Д.Цогзолмаатай ярилцлаа.
https://www.facebook.com/share/v/17okH4NkS6
-Анх хэрхэн энэ бизнесийн салбарт хөл тавьж байв?
-Анх нөхөр, хүргэн, хоёр охины хамт энэ бизнес рүү сэтгэл шулуудан, зориглож орсон. 2017 оноос бизнесээ эхэлж өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Анх буузаа хөлдөөх хөлдөөгчгүй л ажлын гараагаа эхэлж байлаа. Жижигхэн газар түрээслээд, тэндээ цөөн хэдэн ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Бизнесээ эхлүүлээд явж байхад хэцүү шантармаар үеүд хэр их тохиолдож байв?
-Хэцүү үе тохиолдолгүй яах вэ. Тийм өдөр олон байсан. Ковидын дараагаас ажиллах хүчингүй болоод өөрөө хүртэл дотор нь ороод ажиллаж байсан үе бий. Заримдаа ажилчидтайгаа ярилцахаар байнга л сэтгэл санааг минь өргөж, бүгдээрээ нэгэнт эхэлсэн юм чинь болгож бүтээнэ ээ л гэдэг байсан.
Манай хамт олон их нийтэч. Би хамт олныхоо тэр зангаар их бахархдаг. Мэдээж хийнэ бүтээнэ, чадна гээд эхлүүлсэн бизнес учраас болгоно доо гээд л зүтгэж байна.
-Одоо үүссэн асуудлын талаар тайлбарлавал. Борлуулалт нь зогсчихсон, одоо үйлдвэрээ хаачихсан байгаа гэсэн шүү дээ.
-Тийм ээ Нэгүүн.мн сайт дээр гарсан мэдээллээс болоод манай борлуулалт нам зогсчихсон, үйлдвэрээ хаагаад дөрөв хонож ббайна.
Адилхан Хүннү нэртэй бууз болохоор иргэд их эргэлзэж байх шиг байна. Гэхдээ манайх гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүнээр хэзээ ч бууз хийдэггүй. Зөвхөн гарал үүслийн бичигтэй махаар бууз баншаа хийдэг.
Өөрсдийн гэсэн сав баглаа боодолтой. Түүн дээр нь хаяг нь хүртэл тодорхой байгаа. Мэдээллийн зөрүүтэнй байдлаас болоод одоо ийм асуудал үүсчихсэн л байж байна. Манайхаас гадна өөр Хүннү нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг олон газар байгаа шүү дээ. Тэр бүгдэд ч гэсэн хохиролтой л байгаа байх.
Манайх “Хүннү хөгжил трейд” ХХК гэдэг компани болохоор Хүннү нэрээр бууз баншаа гаргадаг. Өөрсдийн гэсэн хэрэглэгчидтэй ч болсон. Гэхдээ л хүмүүс өнөөх гэдэсний бууз чинь өөр газар салбараа нээчихсэн байна гэж бодоод байна лээ. Үгүй шүү дээ.
Бид яг л өмнө нь хийдэг байсан махаараа, амталгаагаараа буузаа хийсээр л байгаа. Бид хэзээ ч иргэдийг хохироох тийм муухай зүйл хийхгүй ээ.

Борлуулалт зогсчихсон болохоор бид ажиллахгүй дөрөв хонож байна. Өдөр болгон ирж байгаа ажилчиддаа зүгээр цалин өгөөд байх хэцүү бид чинь ямар тийм том компани ч биш, ажиллахгүй ээ гээд явуулъя гэхээр цагаан сар болох гэж байхад би энэ хүмүүсийг хаашаа яв гэх вэ дээ.
Өөрийн биш өрөөлийн алдаанаас болж ийм зүйл болсон болохоор маш их харамсалтай байна.Ууг нь одоо яг л буузны борлуулалт сайн байдаг цаг үе. Гэтэл энэ үе дээрээ ийм байдалд орж гацчихаад байгаа болохоор яах учраа олохгүй байна.
Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд манайх гэдсээр хийдэг Хүннү бууз биш ээ. Бид есөн жилийн турш чанар стандартаа барин ажиллаж байгаа. Тиймээс хэрэглэгчдийг хохироох бүтээгдэхүүн хэзээ ч худалдаалахгүй. Тиймээс та бүхэн манай буузны хаяг шошгыг сайн харж аваарай” гэлээ.

