Манай Монгол Улс малжих орон болж ухарсаар байна

мал

Эх сурвалж: Өдрийн сонин

Өмнөд монголчууд нэг хэсэг “Малжих орон” гэж ярьдаг байсан. Энэ нь малтай болъё гэсэн бодлого шийдвэрээс гарсан үг байх. Тэгвэл монголчууд бид орчин үед мал, малчин хоёроо ярьж магтсан ийм нэг улс үндэстэн болчихлоо. Ерөөсөө Монгол Улсад мал, малчин хоёроос өөр сайн сайхан зүйл байхгүй юм шиг тийм ойлголтыг нийгэмд төрүүлж байна . “ М а л дагавал сайхан амьдарна” гэх суртал ухуулгыг завсар зайгүй явуулж байна. Мэдээж малаа дагах нэг нь дагадаг юм байгаа биз. Харин нийтээрээ мал дагах тухай бодно, ийм ойлголтыг нийгэмд тэр чигт нь төрүүлнэ гэдэг улс үндэстний эмгэнэл. Малаа маллахын хажуугаар бид шинжлэх ухаанаа яримаар байна. Улс орны хөгжил шинжлэх ухаанаар явдаг гэдгийг хүмүүст, ирээдүй хойчдоо ул суурьтайгаар ойлгуулмаар байна. Энэ үүднээс шинжлэх ухааныг сурталчилж, нийгмээ гэгээрүүлж гэрэлтүүлэх учиртай. “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Ж.Мягмарсүрэн одоогоос 30 гаруй жилийн өмнө “Мал дагавал мал болно” гэж бичиж байсан. Уг нийтлэл тухайн үедээ шуугиан шаагиан болж үндэсний сэхээтнүүдийн талархлыг хүлээж байсан. Гэтэл 30 жилийн дараа дахин сөхөгдөж, үндсэндээ 30 жилийн өмнө мал дагавал мал болно шүү гэж ард түмэндээ сануулж байсан ч өнөөдөр нийгмээрээ мал, малчин хоёроо л ярьж, малаа дагах тухай сурталчилж байгаа нь харамсалтай. Хуучин нийгмийн үед малчин нь малчнаараа, шинжлэх ухаан нь шинжлэх ухаанаараа зэрэгцээд хөгжиж байсан. Малчны хүүхдүүд гадагшаа сургуульд яваад шинжлэх ухааны том зүтгэлтнүүд болж байсан. Хорьдугаар зууны Монголыг бүтээсэн түүхэн хүмүүс бүгд л малчны хүүхдүүд байсан. Гэвч тэд мал аж ахуйн зэрэгцээ шинжлэх ухаан чухал гэдгийг тархи толгойдоо бат суулгаж шинжлэх ухааны төлөө зүтгэсэн. Тухайлбал, Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгч Базарын Ширэндэв гуай Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын малчны хүүхэд. Гадаадад сургууль төгсөж ирээд МУИС-ийн захирал, ШУА- ийн ерөнхийлөгч болсон хүн. Мөн малчны хүү Ж.Гүррагчаа сансарт нисч, сансар судлалын чиглэлээрээ ажиллаж байх жишээний. Яг одоо Монголын нийгэм завсар зайгүй малчдыг сурталчилсан хэвлэл мэдээлэлтэй, бүх телевиз нь малчин, мал гаргахаас өөр ид шидгүй ийм л дүр зурагтай байгаа. Монголыг тэр чигт нь малын орон болгох гэсэн гадаад дотоодын бодлого ч байдаг юм уу, түүнд нь манай хэвлэл мэдээлэл, ялангуяа телевиз автаад байдаг юм уу.Үндсэндээ Монголыг ийнхүү малжих орон болж хөгжил дэвшлээс айхавтар ухрахад Монголын хэвлэл мэдээлэл, телевизийн энэ олон сувгууд маш их үүрэг гүйцэтгэсэн. Ямар ч телевизийн суваг солиход дандаа л малчдын тухай гарна. Бүр “Малчин” гэсэн телевиз ч байх шиг…

БҮТЭН НИЙТЛЭЛИЙГ tsahim.dnn.mn сайтаас уншаарай.

About Author