Валютын албан нөөц $3.9 тэрбум давж, долларын ханш буурсаар байна
Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 3441.9 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн гурван сар дараалан ам.долларын ханш суларч байна. Энэ оны эхний улиралд 3500 давж байсан “ноён” долларын ханш хоёрдугаар улирлын турш уруудаж, дээрх түвшинд ирэв.
Гуравдугаар сарын долларын албан ханш 3524 төгрөгт хүрсэн. Энэ үетэй харьцуулахад, өнөөдөр 60-70 төгрөгөөр буурсан байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш ийнхүү сулрах үзэгдэл үргэлжилж, улсын гадаад валютын албан нөөц тавдугаар сарын байдлаар 3.9 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын түвшинд тогтворжлоо.
Одоогийн байгаа 3.9 тэрбум ам.долларын албан нөөц нь манай улсын импортын ес хүртэлх сарын хэрэгцээг хангах нөөц юм. Валютын албан нөөц цар тахлын өмнөх үетэй ойртжээ. Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ голлох үүрэг гүйцэтгэж буй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани энэ он гарснаас хойш 640 гаруй сая ам.долларыг Монголбанкинд өгч, албан нөөцийг шууд зузаатгасан байна.