Төв банк ажилтнуудаа шалгуулахаар АТГ-т ханджээ
Монголбанкны ажилтнуудаас олон хүн хувьдаа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны удирдлага ажилчдынхаа ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байна.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзахдаа энэ тухай мэдэгджээ. Тэрээр “Цахим орчинд яригдаж буй төв банкны удирдлагууд банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, Авлигатай тэмцэх газарт хандсан. Мөн Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээллэнэ” гэжээ.