Томуу, Covid-19-ийн тархалт их байгааг анхааруулав
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Covid-19-ийн омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна. Тодруулбал, дэлхий дахинд омикроны дэд хувилбар илэрч байгаа бөгөөд энэ нь омикрон-9 хувилбар биш. Тус өвчнөөр өвчилж буй иргэдэд Covid-19-ийн халдвартай ижил шинж тэмдэг илэрч байгаа аж.
Халдварын тархалт намжмал үед өдөрт 10-с доош хүн бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт Covid-19-өөр өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, долоо хоногт 100 гаруй хүн өвчилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Мөн цахим хуудаст ХӨСҮТ Covid-19-ийн тасгийг дахин нээсэн гэх мэдээлэл гарсан ч үүнийг тус төв үгүйсгэлээ. Халдварын тархалт, нөхцөл байдлыг харгалзаж дараа, дараагийн хариу арга хэмжээг авах аж. Тиймээс одоогоор ор болон Covid-19-ийн тасаг нэмж нээгээгүй болохыг албаныхан хэлсэн юм.
АРД ИРГЭД ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ГАЗАР ЗАЙ БАРИХ ШААРДЛАГАТАЙ
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НАРАНЗУЛ:
-ДЭМБ-ын мэдээгээр дэлхий нийтэд Covid-19 цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл 765 сая тохиолдол батлагдаж, 6,9 сая хүн ам нас барсан байна. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад халдвар тогтвортой буурч байгаа. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад цар тахлын халдвар эргээд нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, Энэтхэг, ОХУ гэх мэт улсуудад долоо хоногт 30-80 мянган тохиолдол бүртгэгдэж байна.
ДЭМБ тавдугаар сарын 5-нд хуралдаж, мэдэгдэл гаргахдаа “Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа хэдий ч Covid-19 олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон. Улс орнууд дотооддоо цар тахлын урт хугацааны менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн.
Сүүлийн долоо хоногуудад дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5 40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Мөн ханиад томуугийн тархалт их байгаа аж. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай.