“Ажилтныг зээлээ хурдан шах гэж шаарддаг байсан”
“Хөгжлийн банк”-ны гэм буруугийн шүүх хуралдаан 40 дэх өдрөө үргэлжилж байна.
13 : 49
2023-6-12
ШААРДЛАГА ХАНГААГҮЙГ МЭДСЭЭР БАЙЖ ДЭМЖСЭН ШИЙДВЭР ГАРГАДАГ БАЙСАН
Улсын яллагч Х.Онолт:
-Хөгжлийн банктай холбоотой асуудлыг 2017 оноос АТГ тодорхой төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой албан тушаалын хэргүүд үйлдэгдсэн байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн байдаг. Үүнд прокурорын зүгээс тасралтгүй хяналт тавьж шийдвэр гаргаж байсан. Тодруулбал, зарим хуулийн этгээд иргэнийг яллагдагчаар татах, шүүхэл шилжүүлэх хүртэл арга хэмжээ аюч байсан. Гэнэт л нийтийн анхааралд орж эхэлсэн цагаас энэ асуудлыг шалгаж эхэлсэн зүйл байхгүй. “Комплант”, “Газимпорт”, “Монголдраймилк, “Баруунбаянтрасс” “Говийнзам” ХХК-тай холбоотой асуудлууд шалгагдаж байсан. Хөгжлийн банкны асуудал нийтийн анхааралд орохоос хэд хэд жилийн өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Прокурорын байгууллагын зүгээс улс төрийн зорилго, хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэх бус гагцхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтад тулгуурлан холбогдох шийдвэрийг хараат бусаар гаргаж ирсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр Хөгжлийн банкны 18 аж ахуй нэгжийн 20 төсөл хөтөлбөр төрийн өмчит зам дэд бүтцийг санхүүжүүлсэн нэг асуудал гэмт хэргийн шинжтэй гэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс хоёр төсөл, нэг худалдан авах ажиллагааг Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн асуудал нь гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарын ажиллаж байх үед буюу Хөгжлийн банкны хуучин хуулийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаагаар Хөгжлийн банкинд зээлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан талаарх нийтлэг дүр зургийг олж тогтосоон.
Дурдсан гурван асуудал бүгдээрээ Засгийн газрын тогтоолтой байдаг. Засгийн газрын тогтоолтой гэдэг боловч тогтоолыг судлаад үзэхэд ямар нэгэн даалгасан шинжтэй, Хөгжлийн банкнаас зайлшгүй санхүүжүүл гэсэн үг үсэг байдаггүй. Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг зөвшөөрсөн үг өгүүлбэр байдаг. Хэдийгээр Засгийн газрын тогтоолоор санхүүжүүлэх ч гэсэн Хөгжлийн банкны тухай хууль зээлийн бодлого бусад дүрэм журамд нийцсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүмүүс ч хэлдэг, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс хэлдэг. Гэтэл Хөгжлийн банкны зээлийн шаардлага болзлыг хангахгүй байхад Засгийн тогтоолтой учир зайлшгүй шийдвэрлэх хууль бус чиглэлийг гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн даргын зүгээс доод албан тушаалтнуудад өгч байсан байдаг. Дэмжсэн санал өгөхийг тулган шаарддаг нь зээлийн хорооны ТУЗ-ийн тэмдэглэл болон хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. ТУЗ нь уг шийдвэрийг үндэслэлгүй гэдгийг мэдсээр байж дэмжсэн шийдвэр гаргадаг. Шаардлага хангаагүйг мэдсээр байж уг шийдвэрийг шат шатандаа гаргаад байгаа нь зээлийн хорооны болон ТУЗ-ийн хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг.
12 : 36
2023-6-12
Б.ЧОЙЖИЛЖАЛБУУ НЬ “ГАНХҮДЭР ОРД” ХХК-С 80 САЯ ТӨГРӨГ АВСАН ГЭЖ ҮЗЭХЭЭР ТЭМДЭГЛЭЛ ИЛЭРСЭН
Тэр ч бүү хэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн эрх хэмжээнд хамаарах их хэмжээний үнийн дүнтэй зээл бий. “Баруунбаян трасс” ХХК-д олгогдсон зээлийн тухайд өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэх замаар буюу зээлийн удирдлагын хороо зээл олгохыг дэмжиж эцэслэн тус компанид зээл олгохыг дэмжсэн байдаг. Шүүгдэгч нарын эс үйлдэх болон үйлдэх нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж авч үзнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зээлийн хорооны гишүүн Д.Дэлгэрсайханы гэрт хийгдсэн “Комплайнт” компанитай холбоотой хэргийг шалгах явцад зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, хугацаа хэтэрсэн баримт илэрсэн байдаг. Үүнийгээ Д.Дэлгэрсайхан мэдүүлгээр тайлбарлахдаа “хэлтсийн захирлуудаас дуудаж асуугаад бичсэн” гэх тайлбарыг өгдөг. Энэ тайлбар нь байгууллагын зээл санхүүжилтийн хэлстийн захирал Н.Уянгаас гэрчээс асуусан тайлбараар давхар нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэг дээр яригдаж буй зээл олгогдсон аж ахуй нэгжийн тухайд тус баримтад бичигдсэн байдлаар “Болоршүр” болон “Модун” компанийн урд гүйцэтгэх захирал буюу н.Батбаярыг тодорхойлсон байдаг.
Хөгжлийн банкны зээлийн хороо, зээлийн удирдлагын хороо хэрвээ хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан юм бол Д.Дэлгэрсайханы гэрээс гарч ирсэн энэ баримт бий болохооргүй байсан.
Тус баримт нь зээлийн хорооны холбогдох журам шаардлагыг хангахгүй тухай аж ахуй нэгжүүдэд давуу байдал олгосон гэж дүгнэх үндэслэлийг бий болгосон баримт юм.
“Ганхүдэр Орд” ХХК-ийн байранд хийгдсэн нэгжлэгийн үр дүнд Б.Чойжилжалбуу нь тус компанийн үүсгэн байгуулагчаас 80 сая төгрөг авсан гэж үзэхээр тэмдэглэл илэрсэн байдаг. Үүнтэй холбоотой хийсэн мөрдөн шалгалтын үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогддог. Өмгөөлөгч нарын зүгээс Б.Чойжилжалбуу нь тус компанийн үүсгэн байгуулагч Л.Ням-Очироос 130 мянган тонн төмрийн хүдэр худалдан авах гэрээг байгуулахад МИК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Мөнбаатар гэх хүнтэй холбож зуучилж өгснийхөө хариуц 80 сая төгрөг авсан, мөн Л.Ням-Очир нь тус шалтгаанаар 80 сая төгрөг өгсөн гэж өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж байгаа. Тэдгээр нь ижил мэдүүлэг өгсөн байдаг. Гэхдээ өмгөөлөгч нараас энэ нөхцөл байдлыг тайлбарлахад Б.Чойжилжалбуу нь яллагдагчаар цагдан хоригдож байсан тул Л.Ням-Очиртой мэдээлэл солилцох боломжгүй байсан учраас тэдгээрийн өгсөн мэдүүлэг нь үнэн гэж ярьж байгаа.
Гэхдээ “Ганхүдэр Орд” ХХК-ийн төмрийн хүдрийн төсөлд зээл олгох хуралд хэн ямар байр суурийг илэрхийлж байсныг эргээд саная. Б.Чойжилжалбуу тухайн хуралд зээлийн хорооны гишүүнээр оролцохдоо Хөгжлийн банкны гурван шаардлагыг хангаагүй байхад тэрбээр “эдгээр шаардлагыг хангачихвал хуулийн шаардлагыг хангаж байгаа юм уу, зээлийн газрын саналыг дэмжиж байна” гэж өөрийн байр суурийг илэрхийлж зээл олгохыг зөвшөөрсөн байдаг. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх гэсэн шаардлага одоог хүртэл тус компанид хангагдаагүй.
Тэгсэн хэр нь энэ аж ахуй нэгж зээлээ аваад аль хэзээний мөнгөө зарцуулчихсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Чойжилжалбуу Л.Ням-Очир нарын мэдүүлгээр заасан нөхцөл байдал тогтоогдоогүй ч гэсэн Б.Чойжилжалбуу нь Хөгжлийн банкны газрын захирал буюу Нийтийн албан тушаалтан хүн. Гэхдээ өөрийн ажил үүрэгт хамаарахгүй асуудлаар Л.Ням-Очирын ажил хэргийг гүйцэлдүүлж Дархан төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ байгуулахад зуучилж өгсний дагуу шан харамж авсан болбол энэ нь өөрөө гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан гэж үзэхээр байгаа. Гэхдээ мэдүүлгээр авсан нөхцөл байдалд энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудад нотлогддоггүй учраас шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас тайлбарласан тайлбар үндэслэлгүй юм.
“Болоршүр” ХХК нь шүүгдэгч Содхүү, Батцэцэг нарын зүгээс тавьсан асуултад тайлбар хийе. Тус компанийн Содхүү, Батцэцэг нар нь зээл авахад хамааралгүй гэсэн асуудлыг өмгөөлөгч нарын зүгээс тавьсан. Мөн Л.Чулуунбаатар гэх хүний үйлдлийг шалгаагүй гэх асуудлыг тавьсан. Мөн Л.Чулуунбаатар хүн прокурор хийж байсан хүн, энд сууж буй улсын яллагч нар үүнийг мэдэж байгаа гэж ярьсан. Л.Чулуунбаатар гэх хүнийг танихгүй. Энэ хүн 2022 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хилээр гарсан. Гэсэн хэдий ч энэ хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон байдаг.
10 : 01
2023-6-12
ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Прокуророос өмгөөлөгч нарын хүсэлтэд тайлбар өгч байна.
Улсын яллагч н.Эрдэнэ:
-Эхний дүгнэлттэй зээлийн хорооны дүгнэлтээр “Ганхүдэр Орд”, “Сэлэнгийн герефорд” гэх хуулийн этгээдүүдэд Хөгжлийн банкны тухай хууль, зээлдэгчид тавих шаардлага, журамд заасан шаардлага хангаагүй байхад зээл олгосон талаар, мөн “Кю Эс Си” компанийн үнээр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нь хоёр ширхэг “Белаз” маркийн авто машиныг худалдан авч Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулж, “Кю Эс Си” компанид давуу байдал олгосон хэргийн талаар дүгнэлтээ гаргасан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хэлэлцүүлж буй хэргийн хүрээнд Хөгжлийн банкны зээлийн хороо, Зээлийн хорооны дүгнэлтийг баталгаажуулж тус банкны захирлын тушаалаар төслийн зээл авсан найман хуулийн этгээд байгаа. “Ганхүдэр орд”, “Баруунбаян трасс”, “Болоршүр”, “Инжир”, “Сэлэнгийн герефорд”, “Модунь” зэрэг хуулийн этгээдтэй холбоотой хавтаст хэрэгт авагдаж шүүхийн шатанд шинжлэн судлуулсан хуулийн этгээдтэй холбоотой нийтлэг тогтоогдож буй дүгнэлттэй танилцуулна.
Эдгээр найман хуулийн этгээд Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-т заасан төсөлд тавигдах шаардлага, зарим нь зээлийн бодлогод тавигдах шаардлага, эд хөрөнгийн барьцааны шаардлага хангахгүй байхад Хөгжлийн банкны зээлийн удирдлагын хороод ажиллаж байсан дарга, удирдлагууд зээл олгохыг дэмжсэн дүгнэлтүүд гарсан.
Тухайн дүгнэлтүүдэд ямар хуулийн этгээдэд нь ямар гадаад валютаар зээл олгохыг тусгайлан тодорхойлсон байдаг учраас энэ хэрэгт буруутгагдсан шүүгдэгч нарын эс үйлдэх үү болон хохирол хор уршиг хоорондоо шалтгаантай гэж үзнэ. Зээлийн судалгаа хийж буй ажилтныг зээлээ хурдан шах гэж шаарддаг, шаардлага хангахгүй асуудлыг дараа нь хангуулахаар зааж, хурал дээр танилцуул гэсэн зүй бус үүргийг хариуцсан хэлтсийн захирал болон мэргэжилтэнд өгдөг. Өөрсдийн зүй бус үйлдлээ зөв мэтээр харагдуулахын тулд эрсдэлийн дүгнэлт гаргасан хэлтсийн захирлыг дүгнэлтээ сольж өг, гэх мэт үй бус үйлдлээр солиулахаас гадна, Хөгжлийн банкнаас зээл хүссэн өөр бусад аж ахуй нэгж хүсэлтийг хуульд заасан үйл ажиллагаагаар төсөлд тавигдах шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр татгалзаж буцаасан хэр нь дээрх найман зээлд зээлийн удирдлагын хороо шаардлага хангахгүй нөхцөл байдлыг дараа хангуулахаар тогтоодог, нөхцөл байдал нийтлэг тогтоогдсон. Мөн зээлийн хорооны дарга удирдлагууд эрсдэлийн дүгнэлт, зээлийн танилцуулга, хууль зүйн дүгнэлт, эрсдэлийн дүгнэлт зээлийн бодлогод тавигдах шаардлага, барьцаа хөрөнгийн шаардлагыг хэлэлцэн тодорхойлж тэр дундаас зарим гишүүд эсрэг байр суурийг илэрхийлж байсан хэр нь эцэст нь бусдынхаа саналыг аялдан дагалдаж дэмжсэн санал өгдөг байсан.