Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар уран тээвэрлэнэ
Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших Зөөвч-Овоо ордоос уран олборлох Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх намар үзэглэхээр талууд төлөвлөж байна. Гэрээ байгуулснаар Бадрах Энержи компани уурхайн дэд бүтэц, барилга байгууламжийн дизайн боловсруулж, үйлдвэрлэл явуулах бүтээн байгуулалтыг хийх юм. Өөрөөр хэлбэл, уран олборлож эцсийн бүтээгдэхүүн болгох ажил талууд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас 3-4 жилийн дараа эхлэх ажээ. Уран олборлож, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлохын тулд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өргөтгөнө гэж Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеард хэллээ.
Тэрээр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг өргөтгөнө. Гэхдээ өргөтгөнө гэж ярьж байгаа нь нэмж төмөр зам барина гэсэн үг биш. Бүтээгдэхүүн ачиж, буулгах терминалыг өргөтгөж, чадамжийг нь нэмэгдүүлж, илүү их бүтээгдэхүүн ачиж буулгах хүчин чадалтай болгох юм. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллалаа гэж бодоход жилдээ 200-250 вагон явуулна. Төмөр замын хувьд энэ бол бага хэмжээ. Монголын Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг аль болох сайн ашиглаарай гэсэн зөвлөмж өгсөн. Бидний хувьд ч гэсэн ашигтай. Хамгийн хямд тээвэр болж байгаа юм, бусад тээврээс зардал багатай. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа терминалыг хэрхэн өргөтгөх талаар нарийн зүйлс яригдана. Дэлхий дээр 30 орон цөмийн станцтай тэгэхээр бид 30 орон руу экспорт хийх боломжтой. Дээрээс нь БНХАУ 20 цөмийн станц нэмэлтээр барьж байна. Тэгэхээр БНХАУ ч гэсэн манайхаас уран авах боломжтой” гэлээ.