Бичил уурхайн нөхөрлөлүүд 800 гаруй га-г нөхөн сэргээжээ

0

Улсын хэмжээнд бичил уурхайн нөхөрлөлүүд олборлолтын 800 гаруй га-д нөхөн сэргээлт хийж улсад хүлээлгэн өгөөд байна.

Энэ нь бичил уурхайчдын нийгмийн өмнө хүлээсэн том хариуцлагатай ажил юм гэдгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь бичил уурхайн “Шижир Хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа онцлон хэлж байна. Тус нөхөрлөл 2015 оноос Монголд анх удаа бичил уурхайн үндсэн ордын нөхөн сэргээлтийг хийж иржээ. Нөхөн сэргээлтийг уурхайн олборлолттой зэрэгцэн хийж байна.

Бичил уурхайн түвшинд нөхөн сэргээлтийг хийсэн эдний аргачлал, туршлагыг бусад нөхөрлөл нэвтрүүлж, мөрдөн ажиллаж байна. Энэ аргачлалыг УУХҮЯ, БОАЖЯ-ны хамтарсан тушаалаар боловсруулан баталгаажуулан гаргажээ. “Шижир Хишиг” нөхөрлөл мөн бичил уурхайд хамгийн анхны аврах багийг байгуулан ажиллаж байгаа зэрэг үйл ажиллагааныхаа талаар Эдийн засгийн клубын сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Бичил уурхайчид уул уурхайгаас гадна өөр ажлын байранд шилжих, шинэ ажлын орлого бий болгоход сэтгэл тавин ажиллаж байгааг тэрбээр хэллээ. Газрын гүнийн баялгаа цааш нь дуусашгүй үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болгох гэдэг үүднээс бичил уурхайн нөхөрлөлүүд евро хашаа, явган хүний замын хавтан, автзамын брожур хийх 5-6 хүнтэй үйлдвэрлэл байгуулан бэлэн мөнгөний орлогыг орон нутагтаа үлдээх зорилгоор ажиллаж байна. Мөн мод, ургамлын үржүүлгийн ажил хийж буйг хэллээ. Энэ жил монос, агч модны 500 үр бэлтгэжээ. Өөр олон ажил, үйл ажиллагаа явуулах боломжтой болсноо хэлж байна.

“Шижир Хишиг” нөхөрлөл олборлолтын хүрээнд Хүдэр боловсруулах цех байгуулжээ. Улсын хэмжээнд бичил уурхайн хүрээнд ийм 17 цех ажиллаж байна. “Манай цехийг сүүлд байгуулсан. Учир нь энэ нь бичил уурхайчид олборлосон хүдрээ баяжуулах цехтэй байх шаардлагаас үүдэлтэй”-г Д.Туяа хэлж байна. Гэхдээ цехийн тоног төхөөрөмж нь БНХАУ-ын, 20-30 жил ашигласан, хуучирсан тээрэм байгаа тул зардал их орж, цаг хугацаа авдаг учир шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр хэллээ.

Тэрбээр, бичил уурхайн салбарт хууль журмын дагуу ажиллаж буй мянга мянган уурхайчдын өмнөөс салбарын талаар зөв зүйтэй мэдээлэл түгээж, эдийн засаг, нийгэмд үзүүлж буй эерэг нөлөө, нөхөн сэргээлт хийж байгаль орчиндоо хариуцлагатай хандаж байгаа жишээг олон нийтэд үнэн зөв мэдээлж байхыг хүссэн юм.

Монгол Улсын бичил уурхайд “РlanetGOLD Монгол төсөл” төсөл хэрэгжиж байна. Төслийн зорилго нь бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээ, түүнийг бууруулах чиглэлд ажиллаж, бичил уурхайчдыг мэдээллээр ханган чадавхжуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *