Ө.Батбаяр: Монгол иргэдийг визний болон бусад хоригоос чөлөөлөх тухай АНУ-тай ярилцана
Эх сурвалж: itoim.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас 75 улсын цагаачлалын визийг түр зогсоох, хязгаарлах шийдвэр гаргасанд Монгол Улс багтсан. Энэ хүрээнд тухайн улсын виз олголт, хяналт эрс чангарч, гадаадын иргэдийн нэвтрэх журам хатуу болсон юм. Тэгвэл АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэхүү асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж буй Элчин сайд Ө.Батбаяраас тодруулахад дараах хариултыг өглөө.
Тэрээр “Бидний тооцоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа 44 мянга орчим монголчууд байна. Чикаго хотод 15 мянга орчим, Элчин сайдын яам байрладаг гурван мужийн заагт ойролцоогоор 10 гаруй мянга, баруун эрэг буюу Калифорни муж, Сиатли хот, Санфранциско, Лос-Анжелэс хотод 10 орчим мянган хүн сурч, ажиллаж, амьдарч байна.
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн эрх авснаас хойш хэрэгжүүлж байгаа ажлуудын хамгийн анхаарал татсан хэсэг нь цагаач иргэдийн бодлого. Энэ нь хэд хэдэн нөхцөлтэй. Нэгдүгээрт зарим орны иргэд хууль бусаар ажиллаж амьдрахынхаа хажуугаар хар тамхи, гэмт хэрэг, сүүлийн үед финтениал гээд химийн гаралтай мансууруулах бодисын худалдаа хийж байна. Нутгийн иргэдийн аюулгүй байдалд заналхийлэх зүйлүүд хэрээс хэтэрлээ гэж үзээд тэднийг журамлах, цэгцлэх гэж байгаа. Хоёрдугаарт, америкийн татвар төлөгчийн мөнгөөр нийгмийн халамж хүртээд байгаа давхаргыг цөөлөх ёстой гэсэн бодлого. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийнх нь амлалт.
Тэд цагаач иргэд буюу гаднаас ирж байгаа иргэд тухайн улсад зөвхөн аялаад буцдаг байх шаардлагыг өндөржүүлж байна. Монголчууд дандаа болж бүтдэггүй улс биш. Тэнд байгаа хүмүүсийн дийлэнх нь хариуцлагатай, гэмт хэрэг гаргаж, зодоон цохион хийх нь харьцангуй бага. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг цөөхөн бүтэхгүй хүмүүсээс болж асуудал үүсдэг. Харин нийгмийн халамжид хамрагдаж буй асуудал өндөр байна. Иргэдийн хувьд үүнийг бууруулж, визнийхээ хугацааг хэтрүүлэхгүй явах ёстой. Манай Гадаад харилцааны яам шат дараалласан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энд суугаа Элчин сайд яам болон төлөөллийн байгууллагаас тайлбар нэхнэ.
Энэ талаар албан ёсоор хариу өгөх ёстой. Би айлын талтай өчигдөр утсаар ярьсан. Буцаж очингуутаа даруйхан Гадаад харилцааны ямтай уулзаж, энэ асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ өөрсдийн байр суурийг хамгаалж, яагаад ийм болсон, монгол иргэдийг энэ чиглэлээс хасуулах талаар ажиллана. Энэ бол миний үүрэг. АНУ-ын засаг захиргааны хувьд жаахан онцлог үе байна. Тухайлбал, хоёр талд эдийн засгийн болон улс төрийн харилцаа байхад засгийн зарим бодлогыг харахаар зүгээр нэг статистик тоо баримт дээр үндэслээд шийдвэр гаргаж байна. Нөгөө талдаа хоёр улсын харилцаа гуравдагч хөршийн стратегийн түвшний харилцаа учраас манай харилцааг хүндэтгэж үзэх ёстой” гэлээ.