МАН ард түмнээ тоггүй хаялаа
Эх сурвалж: Nnews.mn
Эрх баригч МАН эрчим хүчний салбарыг хаяж, хариуцлагаас зугтаалаа. Хаяхдаа, улс орны амин зүрх болсон энэ салбарыг ХҮН намд бэлэглэж, эзэнгүйдүүлэв. МАН-ын томилгоот сайд нар үеийн үед удирдаж ирсэн эрчим хүчний салбарын бугшсан алвига, хулгай эхнээсээ ил болж, өнгөрсөн өвөл улсаараа гал алдан хөлдөх шахсан. Энэ нь Засгийн газрын нэр хүнд гэрлийн хурдаар унахад нөлөөлсөн шүдний өвчин болоод байлаа.
Засгийн газрын нэр хүндээ аврах гарц нь Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг сэлгэж солих байсан. Тэд ч ямар нэгэн дарамт шахалтгүй хэмээн наанаа инээж, цаашаа харж уйлан огцрох өргөдлөө өгөв. Нэгэнт Засгийн газарт сайд нарын суудал суларсантай холбогдуулан орны сайдуудыг томилох шаардлага гарсан.
Энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй эрх баригч МАН-ынхан тоглолт хийж, ойрын хугацаанд сэхэл авахааргүй дордсон эрчим хүчний салбарыг эвдэрхий цахилгааны станцуудынх нь хамт ХҮН намд бэлэглэлээ. Г.Занданшатар хариуцлагаас зугтав.
Энэ талаар Боловсролын сайдын суудлаа өгч буй П.Наранбаяр байр сууриа илэрхийлээд амжсан. Тэрбээр “Засгийн газарт ирж буй галыг сааруулах улс төрийн шийдвэр болохыг ойлгож болох ч, Боловсролын салбар, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг бодохоор сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” гэжээ. Б.Чойжилсүрэн ч ажлаа өгөхдөө, “Хүндээ биш, 30 хэдэн жил хуримтлагдсан асуудал байгааг ойлгуулах гэж ажлаа өгч байна” хэмээн мэдэгдсэн.
Улмаар МАН-аас Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, ХҮН намаас Эрчим хүчний сайдад П.Ганзориг, Б.Найдалаа нарын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд Г.Занданшатар эрх мэдлийнхээ хүрээнд Б.Найдалааг сонгожээ. Ерөнхий сайдын таашаалд нийцсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь эрчим салбарын ямар ч ойлголтгүй нэгэн. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд туршлагатай банкир гэдгийг намтраас нь харж болно. Ийнхүү МАН-ынхан мэргэжлийн бус, эрчим салбарын ямар ч ойлголтгүй хүнийг сайдаар томилуулж дөнгөв. Салбарын мэргэжилтнүүд эрчим хүчний дутагдал ирэх өвөл ч үргэлжлэх бөгөөд дахин осол гарсан тохиолдолд Улаанбаатар хотын тал нь хөлдөх эрсдэл байсаар байгааг сануулж буй. Ойрын хугацаанд үүнийг шийдвэрлэх шийдэл байхгүй. Ийм л нөхцөлд “Ард түмэндээ эргэн ирлээ” хэмээн зарласан МАН ард түмнээ харанхуйд нь хаяад зугтаах шийдэл олов.