“Зэс эрдэнийн хувь” ХХК-иас Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарт холбогдох асуудлаар мэдэгдэл гаргажээ

d7ee924841b71dc677636165f1ddb94b

Эх сурвалж: Zarig.mn

“Зэс эрдэнийн хувь” ХХК-иас компанийн хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Тус компани нь 2010 онд байгуулагдаж, 2023 онд катодын зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн 24.500 гаруй иргэн компанийн тодорхой хувьцааг нь эзэмшдэг байна. 

Мэдэгдэлд дурдсанаар, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий компаниар хууль зөрчсөн гэрээ байгуулж, тус компанид болон хувьцаа эзэмшигчдэд ноцтой хохирол учруулсан байна. Энэ асуудал “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч “Би эй ти девелопмент партнерс” ХХК-тай холбоотой. Тодруулбал, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий буюу эхнэрийнхээ “Би эй ти девелопмент партнерс” ХХК-иар хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ болон зэс худалдах, худалдан авах гэрээ, урьдчилгаа төлбөрийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийг зөрчсөн, компанид ашиггүй, талуудыг ноцтой төөрөгдөлд оруулсан тул 2025 оны 4 дүгээр сард “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр холбогдох гэрээнүүдийг цуцалжээ. Мөн бүтээгдэхүүнийг шууд экспортлох боломжтой байсан ч дундын компаниар дамжуулан борлуулснаар татварын алдагдал үүсч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж мэдэгджээ. Тэр ч байтугай “Хууль хяналтын байгууллагад хандсан гэрээ цуцалсан маргааны асуудалд “Би эй ти девелопмент партнерс” ХХК-ийн зүгээс Э.Батбаярын ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зэрэг улс төрийн нөлөө бүхий этгээдээр нөлөөлүүлж байгаа нь илэрхий” гэдгийг ч “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд мэдэгджээ. Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй гэрээний маргаанд хэт нэг талыг барьсан шийдвэр удаа дараа гарч, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг хэвийн ажиллах боломжгүй нөхцөлд хүргэсэн. Улмаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг дахин ноцтой зөрчигджээ. 

Өнөөдрийн байдлаар дээрх асуудлуудтай холбоотой маргаан хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн зүгээс хууль бус үйлдэлд холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр ажиллаж буйгаа илэрхийлжээ. 

About Author