“Оюу толгой” ХХК 2025 онд нийт ₮2.34 их наядын татвар, хураамж, төлбөр төлсөн нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9%-ийг бүрдүүлэв
“Оюу толгой” ХХК 2025 оны IV улирлын тайлан болон жилийн тайлангийн урьдчилсан гүйцэтгэлийн зарим үзүүлэлтээ өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
Тус компани өнгөрсөн онд нийтдээ 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж, төлбөр төлжээ. Энэ нь Монгол Улсын төсвийн татварын орлогын есөн хувьтай тэнцэж байна. Түүнчлэн 2025 онд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 8.4 их наяд төгрөг төлсөн. Энэ нь өдөрт 23 тэрбум төгрөгийг Монгол Улсад зарцуулан эдийн засгийн эргэлтэд оруулсан гэсэн үг юм.
Оюу толгойн уурхайн 2025 онд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 387 мянган тонн хүрсэн нь өмнөх жилээсээ 30 хувиар өссөн дүн болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх танилцуулсан. Мөн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 460 мянган унц байна. Олборлолт, үйлдвэрлэл өсөн нэмэгдсэн болон өнгөрсөн онд олон улсын зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөснөөс хоёр дахин давсан гүйцэтгэлтэй болжээ. Ингэснээр 2025 оны арванхоёрдугаар сараас 570 сая ам.долларын зээлээ төлж, зээлийн хүүгийн төлбөрөө 48 сая ам.доллароор бууруулж чадсаныг тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн мэдэгдсэн.