2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ

d6dbdded-f336-4cbc-a3d7-09deb32e0df3

107 тусгай дугаарын утас нь гэр бүлийн хүчирхийллийн талаар хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг 24 цагийн туршид үнэ төлбөргүй өгдөг тусгай дугаар юм.

2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас хууль эрх зүйн зөвлөгөө 1265 иргэнд, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг 6844 иргэнд өгсөн, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага мэдээллийг 102 тусгай дугаарт, 55 дуудлага мэдээллийг орон нутгийн цагдаагийн газруудад дамжуулсан байна.

Энэ оны эхний 2 сарын байдлаар нийт 1416 иргэн хандсанаас 1221 иргэнд сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгч 23 дуудлага мэдээллийг 102 тусгай дугаарт, 9 дуудлага мэдээллийг орон нутгийн цагдаагийн газруудад дамжуулжээ.

Жил бүрийн 03 дугаар сард Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийн үеэр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өсөх хандлагатай байдаг.

Үүнтэй холбогдуулан энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ”-г зохион байгуулан ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд:

Нэн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлд олон удаа холбогдсон этгээдүүдийн судалгааг гаргаж, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр зохих арга хэмжээг авч ажиллана.

Мөн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй газар, цаг хугацаа, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, баярын өдрүүдэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдүүдийг илрүүлэх, хяналтад авах, зан төлвийг нь өөрчлөх, засах чиглэлээр хамтарсан багийн гишүүдтэй хамтран шат дараатайгаар ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд цаашид удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд онцгойлон анхаарч, хуульд заасан арга хэмжээг авч ажиллах юм.

About Author