ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв

v2_watermarked-a2c3195f-3ef2-4d35-a391-49e2fd6a65cd

Эх сурвалж: 24tsag.mn

  Ардчилсан Нам дотоод шинэчлэл, зохион байгуулалтын томоохон алхмыг хийж, анхан, дунд шатны намын дарга нар болон Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүдийн сонгуулийг “Нээлттэй-Цэгцтэй” хийж буйгаа сүр дуулиантай зарласан.

     Гэвч энэ удаагийн АН-ын дотоод сонгууль нь гаднаа шинэчлэл, ил тод байдал нэрийн дор байвч бодит байдал дээр дотоод томилгоо, даргын даалгавар, сандал суудлын наймаа байсан гэх хардлагыг энгийн намын гишүүдэд төрүүлээд байна.  

    Тухайлбал, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл очих тойроггүй жагсаалтын гишүүд болон бусад бүлгийн гишүүдээ ҮБХ-ны сонгуульд “унагаахгүй байх” үүрэг даалгавар өгсөн тухай шуум гарч эхэлсэн.

Үүний тод жишээ нь УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн Баянзүрх дүүрэгт 39-өөс доош насны эмэгтэйчүүдийн квотод өрсөлдөгчгүйгээр шууд ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон явдал юм. Тус дүүргийн намын эмэгтэй гишүүдээс уг квотод нэр дэвших сонирхол байсан ч төв намын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын гишүүдтэй өрсөлдөхгүй байх зохион байгуулалт хийгдсэн гэх мэдээлэл байна.

Залуучуудын манлайлал, тэгш оролцооны талаар идэвхтэй байр суурь илэрхийлдэг С.Цэнгүүн гишүүний хувьд ийнхүү өрсөлдөөнгүйгээр сонгогдсон нь нам доторх бусад эмэгтэй гишүүдийн боломжийг хязгаарласан гэх шүүмжлэлийг дагуулж байна.

Мөн аймаг, дүүргийн намын даргын түвшинд ч зөрчил маргаантай мэдээллүүд гарч эхэлсэн.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр: БЗД-ийн 30 дугаар хорооны камерын бичлэгт 138 гишүүн санал өгсөн байхад эцсийн дүнгээр 197 санал бүртгэгдсэн зөрүү гарсан байна.

СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэрэнлхам: “АН-ын үндсэн дархлаа болсон үүрийн гишүүдээ тойргийн гадна гаргаж 100 мянган төгрөгөөр оюутнууд авчирч санал өгүүлж байна” хэмээн мэдэгдсэн.

СХД-ийн ҮБХ-ны гишүүнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн дүү О.Наранбат өрсөлдөж дүүргийнхээ намын хорооны гишүүдэд усалгаа хийсэн тухай мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн. 

ҮБХ-ны сонгуультай холбоотой дараах санхүүгийн үзүүлэлтүүд ч анхаарал татаад байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхдөө намдаа хандив нэрээр 6 сая төгрөг мөн үйл ажиллагааны зардалд 2-3.5 сая төгрөг төлдөг. Энэ удаа АН-ын үндэсний бодлогын хорооны чөлөөт суудалд 477, эмэгтэй чөлөөт суудалд 241, 39-өөс доош насны эмэгтэй 52,  39-өөс доош насны эрэгтэй залуучууд 72 нэр дэвшигч тус тус бүртгүүлсэн байна.

Нийт 378 суудалд 842 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд зөвхөн хандивын хэмжээгээр 5,052,000,000 төгрөг төвлөрсөн тооцоо гарч байна. Үүн дээр үйл ажиллагааны зардлыг нэмэхэд нийт 1,684,000,000 –2,947,000,000  сая төгрөг нэмэгдэх аж.

Үүнээс харахад Ардчилсан Нам МӨНГӨГҮЙ БИШ МӨНГӨТЭЙ НАМ. Их хэмжээний мөнгөний урсгал, маргаантай сонгуулийн үр дүн, зохион байгуулалттай санал хураалтууд дунд АН-ын дотоод шинэчлэл үнэхээр бодит өөрчлөлт авчирч чадах эсэх нь эргэлзээтэй. Намдаа дотоод шинэчлэл авчрах амлалтаар намын дарга болсон О.Цогтгэрэл “Нээлттэй-Цэгцтэй” гэх уриан дор Ардчилсан намыг гишүүддээ хаалттай, харин царцаануудад нээлттэй нам болгосон уу?

About Author