“Шинэ Засгийн газар нүүрсний тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай”

erdenetuya1-810x500

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдал Монгол Улсын уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Шатахууны үнэ нэмэх шийдвэр нь эдийн засгийн суурь үнэд шууд нөлөөлнө. Улсын эдийн засгийг бүрдүүлэгч салбарын хувьд энэ үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгаа талаар яриагаа эхэлье?

-Олон улсын геополитикийн хурцадмал байдал Монголын уул уурхайн салбарт шууд бус боловч хүчтэй нөлөө үзүүлж байна. Ялангуяа тээвэр, логистик, шатахуун болон санхүүжилтийн өртөг өсөх эрсдэл нэмэгдэж байна. АИ-92 шатахуунаас бусад шатахууны үнийг литр тутамд 300–350 төгрөгөөр нэмэх зайлшгүй нөхцөл үүссэн нь зөвхөн Монгол Улсад тулгарч буй асуудал бус, дэлхийн 100 гаруй улсад үүсээд буй нийтлэг нөхцөл болоод байна. Уул уурхайн салбар нь дизель түлш их хэмжээгээр ашигладаг. Иймээс шатахууны үнэ өсөхөд олборлолтын өөрийн өртөг, нүүрсний тээврийн зардал, нийлүүлэлтийн сүлжээний нийт зардал бүхэлдээ нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн уурхайн компаниудад бус, тээвэр, агуулах, ханган нийлүүлэлтийн салбаруудад дам нөлөөлж улмаар суурь үнийн түвшинд дарамт учруулж байдаг.

Улсын эдийн засаг, төсөв, экспорт уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа учраас шатахууны үнийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг сааруулж, инфляцийг дам байдлаар нэмэгдүүлэх эрсдэлтэй.

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад коксжих нүүрсний үнэ тодорхой хэмжээнд сэргэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, Австралийн өндөр чанарын коксжих нүүрсний үнэ тонн тутамд ойролцоогоор 230 ам.долларт хүрч, өмнөх сараас 45 орчим ам.доллараар өссөн бол Хятадын зах зээлд нийлүүлэгдэж буй үнэ 267 ам.долларт хүрсэн нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр харьцангуй чангарч байна. Нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа ч түлш, шатахууны үнийн савлагаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлэх өндөр эрсдэл дагуулж байна.

Гэсэн хэдий ч богино хугацаанд үнийн өсөлт тогтвортой үргэлжилнэ гэж шууд дүгнэхэд эрт,  Хятадын дотоод зах зээлд хаврын баяртай холбоотойгоор үйлдвэрлэл, худалдан авалт түр саарч, нүүрсний үнэ бага зэрэг буурсан үзүүлэлт ажиглагдсан. Үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц нэмэгдсэн, мөн уурхайнууд үйлдвэрлэлээ өсгөх төлөв давамгайлж буй нь нийлүүлэлтийн талд дарамт үүсгэж, үнийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байна.

Дунд хугацаандаа, тухайлбал БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд ган болон коксийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого тусгагдсан нь коксжих нүүрсний эрэлтийг өндөр хэвээр хадгалах суурь нөхцөл болж байна. Энэ нь Монголын нүүрсний экспортод эерэг дохио юм.

Иймээс ирэх онд нүүрсний үнэ огцом өсөхөөс илүүтэйгээр тодорхой хэлбэлзэлтэй, харьцангуй тогтвортой өндөр түвшинд хадгалагдах төлөв давамгай байна гэж үзэж болно. Гэхдээ Хятадын дотоод үйлдвэрлэлийн өсөлт, нөөцийн түвшин, олон улсын тээвэр логистик, геополитикийн нөхцөлөөс ихээхэн хамаарах тул үнийн савлагааны эрсдэл хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд Монгол Улс нүүрсний үнийн мөчлөгөөс хэт хамааралтай байдлаа бууруулах, боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мөн төсвийн зардлын өсөлтийг хянах бодлогыг зэрэг хэрэгжүүлэх шаардлага улам бүр чухал болж байна.

-Улс төрийн тогтворгүй байдал одоо ч үргэлжилж байна. Ер нь шинээр байгуулах Засгийн газраас уул уурхайн салбарыг сэргээх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна вэ?

-Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн салбарыг зөвхөн “сэргээх” бус, илүү тогтвортой, тэнцвэртэй өсөлтийн суурь бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Уул уурхайн орлогын өсөлтийг зөв удирдаж, төсвийн зардлын хэт тэлэлтийг хязгаарлан, инфляцийн дарамтыг бууруулах нь чухал. Нөгөө талаас салбарын бүтцийг шинэчилж, зөвхөн түүхий эд экспортолдог загвараас татгалзан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих шаардлага улам тодорхой болж байна. Энэ нь үнийн савлагааны эрсдэлийг бууруулж, экспортын орлогыг илүү тогтвортой болгох боломжтой.

Бодит сэргэлтийг хангахын тулд хууль, эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулалтад чөдөр тушаа болж буй давхардсан зөвшөөрөл, удаашралтай шийдвэр гаргалт, ойлгомжгүй зохицуулалтыг цэгцэлж, ил тод, тогтвортой орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Үүнийг томоохон реформ хүлээлгүйгээр жижгээс нь эхлэн шийдэх боломжтой. Тухайлбал, сайдын баталсан журам, аргачлал, стандартуудыг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах зэрэг бодит алхмуудыг үе шаттай хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Ингэж чадвал уул уурхайн салбарын өсөлт богино хугацааны мөчлөгөөс хамаарах бус, эдийн засгийн тогтвортой суурь болж, нийт эдийн засгийн үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

-Уул уурхайн салбарын цаашдын хөгжлийг хэр харж байна вэ. Цаашид хууль эрх зүйгээ сайжруулж, хөрөнгө оруулалт татахын тулд юун дээр анхаарах шаардлагатай бол?

-Экспортын биет хэмжээ, ялангуяа зэс, нүүрсний нийлүүлэлт өсөх боломжтой, томоохон төслүүдийн үр нөлөө эдийн засагт үргэлжлэн мэдрэгдэхээр байна. Гэвч энэ өсөлт нь гадаад зах зээлийн нөхцөл, үнийн савлагаа, нэг зах зээлээс хамааралтай бүтэц зэрэг эрсдэлүүд байгаа учраас зөв бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Өмнө дурдсанчлан, цаашид хууль, эрх зүйн орчныг сайжруулахдаа хамгийн түрүүнд тогтвортой, ойлгомжтой байдлыг хангах шаардлагатай. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том эрсдэл нь бодлогын гэнэтийн өөрчлөлт байдаг учраас бодлогын залгамжийг хадгалах нь чухал. Мөн зөвшөөрлийн шат дамжлага, давхардсан зохицуулалтыг цэгцэлж, ил тод, хугацаатай, цахимжсан системд шилжүүлэх, хөрөнгө оруулалтад саад болж буй асуудлуудыг том реформ, хуулийн шинэчлэл хүлээлгүйгээр үе шаттай шийдвэрлэх нь илүү үр дүнтэй болов уу.

-Г.Занданшатарын Засгийн газар 2026 онд иргэн 1 сая төгрөг, 2030 онд нэг иргэн 10 сая төгрөгийн хуримтлал үүсгэх зорилтыг тавьж байсан. Энэ хэр бодитой зорилт вэ. Шинэ Ерөнхий сайд энэ ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж харж байна уу?

-2026 оны эхний улирлын үзүүлэлтүүдээс харахад цаашид экспортын орлого өсөх боломж бүрдэж байгаа ч импорт буурч буй нь дотоодын эрэлт сул, иргэдийн худалдан авах чадвар муудсаныг илтгэж байна.

Инфляци өндөр хэвээр байгаа нөхцөлд нэрлэсэн орлого өссөн ч бодит орлого төдийлөн нэмэгдэхгүй байна.

Ийм нөхцөлд сангуудын хуваарилалтыг оновчтой болгох, ялангуяа Хуримтлалын сан болон Хөгжлийн санд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх чиглэлд үр ашигтай менежмент хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр хуримтлалын түвшинг тогтвортой хадгалах, өмчлөлийн хэлбэрээс үл хамааран иргэдэд байгалийн баялгийн өгөөжийг бодитоор, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас, Хөгжлийн санд төвлөрөх хөрөнгийг эдийн засгийн өсөлт, дэд бүтэц, стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлэх боломж улам нэмэгдэнэ.

Баялгийн сангийн зөв хуваарилалт, үр ашигтай менежментийн үр дүнд байгалийн баялгийн өгөөжийг зөвхөн ирээдүйд бус, өнөөдөр бодитоор хүртэх тогтолцоог бүрдүүлэх боломжтой.

About Author