Тогтвортой байдлыг зангидах спикер

images (2)

Эх сурвалж: Өдрийн сонин

УИХ-ын даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуулт өнөөдөр албан тушаалын маргаан гэхээсээ илүү төрийн тогтвортой байдлын тухай асуудал болоод байна. Парламент дотор олон нам, бүлэг, фракцын ашиг сонирхол огтлолцсон энэ үед нэг хүний арга барил, харилцааны соёл, тэнцвэр барих чадвар төрийн ажлын хэмнэлд шууд нөлөөлөхөөр нөхцөл бүрдчихсэн. Төрийн ажил нэг өдөр гацахад л түүний өртөг хэд дахин үржигдэж, хууль тогтоох үйл явц удааширч, шийдвэрүүд хойшилдог. Энэ нь цахилгаан тасрах, шатахуун хомсдохтой адил биш. Харин бодлого зогсож, улс орны урагшлах алхам хойшлох эрсдэлтэй. Ийм нөхцөлд спикерийн гол үүрэг нь хэн нэг талд давуу байдал олгох бус, харин бүх талын дунд ойлголцол бий болгож, төрийн ажлыг тасралтгүй явуулах явдал болж хувирч байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн парламент хурц мөргөлдөөнөөс илүү зохицуулалт, туйлшралаас илүү тэнцвэрийг шаардаж байна гэсэн үг. Хэрэлдүүлэг биш, хэлэлцүүлэг өрнүүлэх чадвар л илүү үнэ цэнэтэй болсон цаг үе аж.

Энэ өнцгөөс харвал, парламентад олон удаа сонгогдсон болоод УИХ, Засгийн газрын гишүүнээр удаа дараа ажилласан туршлагатай улстөрч л спикер болох магадлал өндөр байна. Ийм улстөрч энэ парламентад цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нарын гишүүд байна. Улс төрийн хүрээнд дээрх туршлагатай парламентачдаас хамгийн боломжтой хувилбарыг УИХ-д таван удаа сонгогдсон С.Бямбацогтыг гэж ярих хүмүүс их байна. Тэрээр аль нэг фракц, бүлэглэлд хэт хамааралгүй, нам дотор ч туйлшралд автаагүй, сөрөг хүчинтэй ч хэл амаа ололцож ирсэн туршлага нь өнөөгийн нөхцөлд илүү бодитой давуу тал болж харагдах нь мэдээж.

Мөн тэрээр УИХ-д таван удаа сонгогдсон, Байнгын хороо, МАН-ын бүлгийн дарга болон Засгийн газрын түвшинд ажиллаж, олон янзын байр суурийг зангидсан туршлагатай парламентач. Энэ нь зүгээр нэг намтрын мөр биш. Харин зөрүүтэй байр суурийг мөргөлдүүлэхгүй, нийлүүлэх замыг олж ирсэн практик туршлага гэсэн үг. Ийм чадвар өнөөдрийн парламентын бодит хэрэгцээ болж байна. Гол нь энэ сонголтыг хувь хүний амбиц, улс төрийн рейтингээр бус, цаг үеийн шаардлагаар хэмжих нь чухал. Өнөөдөр Монголын төрд “хүчтэй” спикерээс илүү “зохицуулж чаддаг” спикер хэрэгтэй байна. Хэн нэгнийг дарангуйлж, эсвэл аль нэг талд үйлчлэх бус, харин талуудыг ширээний ард суулгаж, шийдэлд хүргэх тэвчээр, арга ухаан чухал болсон. Энэ утгаараа С.Бямбацогтын хувьд “гацаахгүй” байх магадлал нь “гайхуулах”-аас илүү үнэ цэнэтэй сонголт болж магадгүй юм. Парламентын ажлыг доголдуулахгүй, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой дэмжих орчин бүрдүүлэх нь эцсийн дүндээ иргэдэд л ашигтай. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийн сонголт хэн илүү чанга дуугардаг вэ гэдгээр бус, хэн илүү олон хүнийг ойлголцолд хүргэж чаддаг вэ гэдгээр шийдэгдэх учиртай. Энэ утгаараа цаг үеийн захиалга нь тодорхой. Тэр нь хэрэлдүүлдэг биш, хэлэлцүүлдэг спикертэй болох.

About Author