Н.Учрал: Сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанч байдлаар хандана

Screenshot-2026-03-31-164122-810x500

15 : 19

2026-3-31

Дараагийн хэлэлцэх асуудалд шилжлээ

 Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар аудитын дүгнэлт болон байнгын хороодын саналыг сонслоо. Хөндөж ярих олон асуудал байна.

Үүнээс чөлөөт бүсийн асуудлыг онцолмоор байна. Тайланд дурдсанаар эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүд зорилгодоо хүрэхгүй, санхүүжилт дутуугаас төлөвлөсөн ажлууд хэрэгжихгүй байгаа талаар дүгнэжээ. Тухайлбал, Монгол, Хятадын хооронд 2019 онд Замын-Үүд–Эрээн чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулсан. Хятадын Засгийн газрын 50 сая ам.долларын зээлээр цэвэрлэх байгууламж, цахилгаан станц барьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Мөн Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн тодорхойгүй хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд чөлөөт бүс, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал байнга яригдаж байна. Тухайлбал, Хөшигтийн хөндий, мөн өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал хоёр аймгийг чөлөөт бүс болгох талаар дурдсан. Гэвч бодит байдал дээр эдгээрийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Өмнөх алдаа, сургамжууд хангалттай бий. Иймд энэ асуудалд тодорхой, бодит хариулт өгөх шаардлагатай байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өнөөдөр Засгийн газрын гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Би өчигдөр томилогдсон учраас гүйцэтгэл ярих нь зохимжгүй байна. Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгддөг. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн дарга нар, ажлын хэсгийнхэн гүйцэтгэлээ тайлагнах хэрэгтэй. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Та бүхэн нэг зүйлийг ойлгоорой. Зургадугаар сарын гүйцэтгэл гарсны дараа тодотгол хийх эсэхийг шийднэ. Одоогоор би Сангийн сайдгүй байна. Тавдугаар сарын 31-нд зарлагдаагүй тендерүүд татагдана. Ингэснээр цаашид бид тодотголоор хөрөнгө оруулалтыг зардлыг хаашаа, яаж шилжүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх шаардлага үүсч байгаа. 

Одоо бүтцийг хөндөөд хоёр яамыг хооронд нь нийлүүлээд явахаар тодотгол хийх шаардлага үүсч байна. Ингээд дахиад зургадугаар сарын гүйцэтгэлийн дараа буюу сар хүрэхгүй хугацаанд дахиад тодотгол хийгээд ирэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. 

Шинэ Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөний тухай өргөн барихаар бэлдэж байсан хуулиудаа дахин нэгтгэн өргөн барина. 

Тавдугаар сарын 01-нээс өмнө төсвийн хүрээг өргөн мэдүүлэх ёстой. Төсвийн хүрээ жилийн төлөвлөгөөтэй уялдаж байж бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, цомхотгол хийх эсэх асуудлыг шийднэ. Сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанч байдлаар хандана. 

14 : 28

2026-3-31

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасан.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт:

УИХ-ын дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд нийцээгүй; түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гаргасан юм.

Цэцийн дүгнэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг уншиж танилцууллаа. 

Түүнчлэн Цэцийн дүгнэлтийн талаар ТББХ-ны санал дүгнэлтийг ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Үргэлжлүүлэн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Дэгийн тухай хуулийн чухал заалтуудыг ярьж байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ний өдрөөс хойш эдгээр заалтуудыг түдгэлзүүлчихсэн байгаа юм байна. Тэгэхээр яг одоо бол Ерөнхий сайдын маргаантай холбоотой энэ түдгэлзүүлсэн заалтуудыг УИХ хүлээж аваад Үндсэн хуульд нийцүүлэн шуурхай засч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Дээрх Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт маш ноцтой агуулгыг хөндөж байгаа. Урьд нь ийм дүгнэлт бараг гарч байгаагүй байх. Үндсэн хуулийг санаатайгаар зөрчсөн байгаа юм. МАН 10 жил төр барилаа. Тухайн үед энэ хуулийн төслийг хэн өргөн барьсан юм бэ. Хэн дэмжээд явсан юм. Энэ нөхдүүд Үндсэн хуулиа дээдлэх УИХ-ын гишүүний тангаргаа тухайн үед санаж байсан юм уу, үгүй юу. Үндсэндээ УИХ-ын танхимд өөрсдөө Үндсэн хуулиа зөрчөөд сууж байна шүү дээ. ТББХ-ны санал дүгнэлтийг сонсоод гайхлаа. ТББХ-ны хурал дээр нэг ч гишүүн асуулт асууж үг хэлээгүй гэж байна. Ц.Сандаг-Очир даргаас асуумаар байна. Ямар инээдтэй тайлбар вэ? 

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:

-Инээдтэй тайлбар гэж нэрлээд байх шаардлага байхгүй. Үнэн бодит байдлаа л бичсэн. Үүнээс өөр тайлбар байхгүй. УИХ өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Гишүүд бүгд мэдэж байгаа. Хэрэв Улсын Их Хурал хууль зөрчсөн шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлтийг УИХ хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв хүлээн авахгүй бол Цэц өөрөө эцсийн шийдвэрээ гаргадаг. Иймд УИХ Үндсэн хууль зөрчсөн алдаатай шийдвэр баталсан тохиолдолд УИХ-д шууд хариуцлага тооцох зохицуулалтгүй хэмээн тайлбарлав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэж эхэллээ. 

Цэцийн дүгнэлтийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уншиж, танилцуулав. 

Гишүүд үг хэлж дууссаны дараа Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор санал хураалаа. Ийнхүү гишүүдийн олонхоор санал дэмжигдсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар санал хураалт явуулав. Байнгын хорооны саналыг уралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо. 

14 : 11

2026-3-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 70.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. 

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
1·     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/·     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/·    Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан·        Бусад

About Author