“Н.Учралд түүхэн Ерөнхий сайд болох боломж бий”

665068493_1814895296134354_6646294378545361034_n-810x500

Эх сурвалж: Nnews.mn

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр” Миний хувьд УИХ-ын даргын томилгоон дээр зарчмын байр сууриа барих нь зүйтэй гэж үзэж байна. 126 гишүүний тогтолцоотой парламент бүрэлдсэнээс хойш хоёр УИХ-ын дарга огцорчихлоо. Шалтгаан нь нэг намыг төлөөлөөд парламентыг улс төрийн зорилгоор удирдаад байна гэдэг шалтгаанаар огцорсон. Бид хамтдаа олон намын тогтолцоо руу шилжиж байгаа. Сонгодог парламентынхаа зарчим руу л явах нь зүйтэй гэж үзэж байна.  УИХ-ын даргаар сонгогдсон хүн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай учраас томилгоо гацсан. Тиймээс Х.Тэмүүжин гишүүний яриад байгаа УИХ-ын дарга нам бус байж, парламентын хурлаа удирддаг тогтолцоо руу явах нь зүйтэй гэж үзэж байна.

Харин Засгийн газрын бүтцийн тухайд энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Энэ эрхээ хэнтэй ч хуваалцахгүй байх ёстой. Ерөнхий сайд бүтцээ хэрхэн бүрэлдүүлэхээс хамаарч хэр удаан засаглах эсэх нь хамаарна.

Миний хувьд дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд хийхдээ нэлээдгүй зүйлийг даван туулсан. Нийгэмд таалагдах, таалагдахгүй олон томилгоонууд хийгддэг байсан. Тиймээс намын үзэл баримтлал, бие биедээ дуртай, дургүй гэдэг асуудлаа хойш тавиад Монгол Улс хөгжих үү, үгүй юу гэдэг чухал. Н.Учрал Ерөнхий сайдад бүх боломж байгаа гэж харж байна. Яаж урт хугацаанд Засгийн газар тогтвортой байх, яаж асуудлаа шийдэх вэ гэдэг нь Ерөнхий сайд, МАН-ын даргын хэнтэй ч үл хуваалцах өөрийнх нь бүрэн эрх. Үүн дээрээ өөрийнхөөрөө байж чадвал Н.Учрал олон зүйлийг шийдсэн түүхэн Ерөнхий сайд болно. Хэрэв өөрийнхөөрөө байж чадахгүй бол зүгээр л утсан хүүхэлдэй болж, нийгмийн дэмжлэгээ алдана. Монгол Улсын цагийг алаад, өөрийнхөө түүхийг сүйтгэнэ” гэлээ.

About Author