Ч.Хишигдалай: Дэлхийн зах зээлд дизель түлш, автобензиний үнэ 110 орчим хувиар өссөн бол ОХУ-аас импортолж буй үнэ 68 хувийн өсөлттэй байна

597424887_4446933558884996_7103482749873559246_n

УИХ-ын гишүүн Р.Сэддорж шатахууны үнийн өсөлт, нэг улсаас хамааралтай байдал болон үүний эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар салбарын яамнаас тайлбар авлаа. Тэрээр Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ 95 хувийг ганц улсаас авч байгаа нь үнэ өсөх бүрд эдийн засаг бүхэлдээ доргих үндсэн шалтгаан болж байгааг онцлов.

Гишүүн Р.Сэддорж шатахууны үнийн өсөлтөд гадаад хүчин зүйл болон дотоод бодлогын алдаа тус бүр хэдэн хувийг эзэлж байгааг тодруулсан юм. Мөн төрийн зүгээс үнэ барих бодлогыг ямар механизмаар хэрэгжүүлж байсан, одоо яагаад цуцлагдсан талаар болон 95 хувийн хамаарал нь үндэсний аюулгүй байдалд ямар эрсдэл учруулж буйг асуув. Түүнчлэн БНХАУ-аас шатахуун авах боломжийг албан ёсоор судалсан эсэх, гаалийн татвар, тээвэр, хадгалалтын зардал жижиглэнгийн үнэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой болгохыг хүслээ.

Энэхүү яриаг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай

Шатахууны үнэ 10 хувиар өсөхөд инфляц хэдэн нэгжээр нэмэгдэх, тээвэр, хүнс, барилгын материалын салбарт үзүүлэх дам нөлөөллийн тооцооллыг гишүүн лавласан юм. Тэрээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэлх хугацаанд төрөөс ямар бодлогын шийдэл гаргахыг тодрууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай гишүүний асуултад хариулахдаа, гаалийн 5 хувийн татвар нь жижиглэнгийн үнийн 4 хувьд нөлөөлдөг болохыг тайлбарлав. Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 60 орчим хувиар, бэлэн бүтээгдэхүүн болох дизель түлш, автобензиний үнэ 110 орчим хувиар өссөн бол ОХУ-аас импортолж буй дизель түлшний үнэ 68 хувийн өсөлттэй байгааг мэдээллээ.

Засгийн газрын зүгээс үнийн өсөлтийг сааруулах зорилгоор импортын албан татварын хувь хэмжээг тохируулах эрхийг авахаар ажиллаж байгааг албаны хүн хэлэв. БНХАУ-аас импортлох тухайд Шивээхүрэн боомтоор бүтээгдэхүүн нэвтрүүлэх бэлтгэл хангагдсан ч Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан тус улс бэлэн бүтээгдэхүүний экспортоо түр хугацаагаар хязгаарлаад байгааг дурдлаа.

Мөн шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улстай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төсөл солилцож байгааг онцлов. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэгцээний 50-55 хувийг хангах боломж бүрдэнэ гэж салбарын яамнаас хариуллаа.

About Author