Гишүүнийг эгүүлэн татах болон УИХ-ын дарга намаас түдгэлзэх асуудлаар МАН-ын бүлэг нэгдсэн байр суурьт хүрээгүй гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон Монгол Ардын Намын Бага хурлын тогтоолыг танилцуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалздаг байх, УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татдаг байх хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг ямар шийдвэр гаргасан талаар тодруулав.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл явж байгаа. Дээрх хуулийн төслийн талаарх ерөнхий хэлэлцүүлэг явсан. Бид эцсийн байдлаар байр сууриа нэгтгээгүй байна. Ойрын хугацаанд байр сууриа нэтгэнэ, нэмж тодруулах зүйл байгаа учраас нэгдмэл байр суурь гараагүй.

Ард түмний төлөөлөх эрхийн мандат авсан УИХ-ын гишүүд улс орны хөгжил, хариуцлага ёс зүй дээр жигд байх ёстой. Энэ талаас асуудал дээр хандана. Монголын онцлог, улс төрийн хөрс гэж зүйл бий. УИХ-ын дарга намаас түдгэлзэх тухай асуудлыг хөндсөн. Гэхдээ үүнийг бид нарийн судлахгүй бол болохгүй юм билээ. Дэлхийн парламентын засаглалтай олон улсаас цөөхөн нь энэ заалтыг хэрэглэдэг.
Энэ заалтыг хэрэглэсэн бол УИХ-ын даргын цаашдын улс төрийн замналын асуудалд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэг харилцаа орхигдсон гэдэг зүйл бий. Сонгууль гэдэг бол ард түмний сонголт байдаг. Аль нэг намаас нэр дэвшээд ард түмнээс сонголт авсан хүн УИХ-ын дарга болно. Ард түмний өгсөн мандатыг тухайн нам дээр хадгалах уу. Тэнцүү санал өгчихсөн тохиолдолд энэ асуудал эргэлзээ дагуулна. Нарийсгаж тооцмоор, Монголын хөрсөнд нийцэх эсэх дээр судалгааны ажил хийх шаардлагатай.