Монгол морины соёлыг илтгэсэн “Хийморь” үзэсгэлэнг тольдоорой
Монгол морины соёл, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маягийг уран бүтээлээр илэрхийлсэн “Хийморь” үзэсгэлэнг Монголын урчууды эвлэлийн үзэсгэлэнгийн галерейд нээж, олны хүртээл болголоо. Уг үзэсгэлэнг энэ сарын 10 хүртэл дэлгэнэ. Монголчууд эрт үеэс морио хийморь сүлд, эрх чөлөө, тэсвэр хатуужлын бэлгэдэл хэмээн дээдлэн хүндэтгэж ирсэн түүхтэй. Нүүдэлчин ард түмний амьдралд ч салшгүй холбоотой бөгөөд түүх, соёл, ахуй амьдралын чухал хэсэг болсоор ирсэн. Тиймээс үзэсгэлэнгээр дамжуулж морины соёлын үнэт өв, бэлгэдлээ хүүхэд, залууст хүргэх, уран бүтээлчдийг дэмжиж, чанар, цар хүрээг нь тэлэхийг зорьжээ.
“Хийморь” үзэсгэлэнд дүрслэх урлагийн төрөл бү рээр бүтээл туурвидаг 73 зураач, уран бүтээлчийн 79 бүтээлийг толилуулж буй. Эх орон, газар шороо, их түүх, өв соёл, зан заншил, ёс уламжлалыг уран сайхны түвшинд илэрхийлсэн бүтээлүүд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөн, нүдийг баясгаж байна. Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийг дэмжиж, бүтээлүүдийг худалдан авч хөрөнгө оруулах хандлага нэмэгдэж буй нь тэдний хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо.