Усны толиноос ойх асуулт буюу туурвил зүй, төрөл зүйлийн шинэ эрэл
Эх сурвалж: Өдрийн сонин
(“Цахлай” романы шүүмжийн I хэсэг)
Уран бүтээлчийн замналаар амьдрахыг тэнгэрийн таалал, бурхны хишиг гэж болно. Анхны бүтээл гэдэг аливаа зохиолчийн зам мөрийг тодорхойлдог тэр л уламжлалаар ном, найрагт дуртай нь “танигдсан” учир редакторлан өмнөх үг бичиж “Бүсгүй чи- зураг” (2010) анхны түүвэр нь хэвлэгдсэн түүхтэй. Урмын “ташуур” өгсөн тэр цагаас хойш Г.Батжавхлан маань яруу найраг, хүүрнэл зохиолын хэд хэдэн ном бичиж шүүмж судлалаар мэргэшин МЗЭ-ийн шагналт уран бүтээлч болон өсөж өндийжээ. Тэдгээр бүтээлийн талаар энд ярихгүй. Гагцхүү намрын сэрүү буутал нуурын хөвөөнд туурвисан ном ямархан олз тээж ирснийг цуврал шүүмжээр хуваалцъя. Номонд шимтэж, автсан Г.Батжавхлан энэ хугацаанд багагүй уншсан нь “Цахлай бид хоёрын яриа” (2025) зохиолоос тодорч, хэл найруулга жигдэрсэн нь бичгийн боловсролд утга дурайсныг илтгэнэ. Ялангуяа дэлхийн сонгодог утга зохиолоос задлан шинжилж онолын бүтээлүүдтэй танилцаж буй нь сэдэв санаа, ур ухаанд нь нөлөөлжээ.
“Сар, Цахлай бид гурав буюу эхлэл” хэсгийн харилцан яриа гүн ухаан, сэтгэл зүйн өгүүлэмжтэй тул жүжгийн зохиол болгон тайзнаа дэглэвэл зохирохоор байна. Энэ нь гүн ухаан, сэтгэл зүйн драмд хувь нэмэр оруулсан Д.Батбаяр, Д.Урианхай нарын залгамж, жин дарах бүтээл хэмээн үнэлж буйд оршино. Энэхүү эхлэл шигээ зохиолоо үргэлжлүүлэн бичиж дуусгасан бол энгийн хүүрнэл шинж рүү бус эргэцүүллийн дотоод мөн чанар руу илүү дөхөх байжээ гэдгийг ч сануулъя. Гэхдээ сар, цахлай, өгүүлэгч гурван ганцаардлыг садансуулан нэгтгэхдээ цаг хугацааг хүний оюун тархитай холбож, цаг хугацааны хэврэгшил зэрэг гүн ухааны сонирхолтой асуудлууд дэвшүүлжээ. Цахлай нь утга зохиолд эрх чөлөө, тэсвэр тэвчээр, хүний хүсэл хязгаарыг давж гарахыг бэлгэдэж, нийгмийн болон сэтгэлгээний хүлэгдмэл байдлаас чөлөөлөгдөх эрмэлзлийг илэрхийлдэг. Түүнчлэн өндөрт нисэх тэмүүлэл ба хагацал гэсэн эсрэгцэл бүхий дотоод сэтгэлгээний аялал, дасан зохицох чадварыг ч төлөөлдөг билээ.
Тэгвэл уг зохиолд “Могой голын Сарангүнжийн домог хүүрнэсэн нь хэмээх үлгэр оршвой”, “Булаг хээрийн тухай цахлайн ярьсан домог оршвой” гэх мэтээр бүлэг бүрд арав гаруй үлгэр, домог хүүрнэдэг нь орчин цагийн үлгэр- өгүүллэг, зохиомжийн тэлэлтэд онцгой хувь нэмэр оруулж байна. Өөрөөр хэлэхэд яруу өгүүлэхүйн шидээр шинэ цагийн домог бүтээж гүн ухааны санаа хөндөж буйг сайшаалтай. Сарны сүүдэр, салхисын чуулган, хувилгаан салхины шивнээ, цуурайн нулимс зэрэг шинэ сэтгэмжүүдээр өгүүлэгч, цахлай хоёр хүүрнэнэ. Тухайлбал
“-Цуурай бол хүний оршихуйн үр дагавар, бидний “байсан” гэдгийг батлах гэрч бололтой. Хэн нэгэн энд хэзээ нэгэн цагт байсан, ингэж хашхирсан, ингэж шивнэсэн гэдгийг өнгөрөгч цаг хугацаа дотроос сануулах мэдрэмжийн нөлөө юм уу даа. Хайдеггер “Оршихуйн чимээгүй хариу” гэж хэлсэн санагдана гэж хэлэхэд цахлай бодлогошронгуйгаар над руу харснаа:
-Цаг хугацаанд замхарсан авиа, гэхдээ зүрхэнд шивнэх мэдрэмж юм уу даа гэж хэлэв” (2025:105-106) зэрэг олон жишээ татаж болохоор байна. Сарны нөлөөг нуураас тольдож гагцаар бус хань бологч Цахлайтай хүүрнэж буй өгүүлэмжийн шийдэл нь анирдах сэтгэлийн толь болж буйгаараа содонсдог. Нэг ёсондоо шувууны эрх чөлөөг уран бүтээлчийн хязгааргүй сэтгэмжтэй нийцүүлж Цахлай нь шувуу бус өгүүлэгчийн, уран сайхны дүрийн хэмжээнд боловсорчээ.
Гэхдээ “Молон тойн эхийн ач хариулсан судар”, “Бүлээн нурам” кино зохиол зэргийг товчлон дурдах байсан эсэхийг цаашдын зохиолдоо бодууштай. Эртний зохиолын өгүүлэмжийг сануулсан энэ мэт зохиомж нь хуудасны тоо бус шинэ санаа, сэтгэмжтэй л ахул 100 тал нүүр ч романы хэмжээний агуулга тээдгийг сануулах юун.
Эрэл хайгуулын үр дүн буюу “анти” роман
Онолын хувьд “Цахлай”-г романд тооцож байна. Гэхдээ уламжлалт бичвэр бүхүй роман бус, уламжлалаас зугтсан, эрэл хайгуулын үр дүнд дотоод ертөнцөө “сэрээсэн” роман юм. Роман нь хэмжээ урт, багтаамж өргөн, олон давхар өгүүлэмж, үйл явдлын зэрэгцсэн өрнөл, зөрчил тэмцлийн дунд цөөнгүй дүрээр биеждэг нэг төв ухагдахуун, цаг хугацааны дотоод хөдөлгөөн зэрэг шалгууруудтай. “Цахлай” романд үйл явдлын шугам голлодоггүй бөгөөд дүрүүд “үйлдэл хийж” биш, утга тээж оршдог. Тиймээс ухамсрын урсгал буюу дотоод өчил яриа (Interior Monologue or Stream of Consciousness), дүрийн эргэцүүлэмж (Introspection), үйл явдлаас илүүтэй орон зайн нөлөө (Atmosphere Over Plot), дотоод сэтгэлийн мөн чанар (Dialectic of the Soul), цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн өгүүлэмж (Subjective Perspective) шингэсэн тул сэтгэлгээний шинжтэй “Гүн ухааны роман” (Psychological Novel) хэмээн онцолж байна.
Төрөл зүйлийн энэхүү оноолтыг нарийвчлан авч үзвэл; тууж нь ихэвчлэн нэг шугамт үйл явдалтай бөгөөд бодрол бэлгэдлийн үйлдэл давамгайлдаггүй, дүрүүд нь “амьдралын практик” илүү голлодог. Иймд “Цахлай” нь туужаас хэмжээ, гүн бүтцээрээ илт давсан тул уянгын өгүүлэмжтэй “туульсын роман” (Epic novel)-ы төрөлд ч хамаатаж байна. Учир нь хэл найруулга нь туульслаг, өгүүлэмж нь ам дамжсан домог мэт, хувь хүн- нийт ухагдахуун- орчлон гэсэн тэлэлттэй, морь, эх нутаг, салхи, ус, сар, нар, уулс бүгд туульсын өгүүлэмж болж байна. Гэхдээ уламжлалт уянгын баатарлаг туульс бус орчин цагийн “гүн ухааны туульс” (philosophical epic) хэмээн тодотгож болохоор юм.
“Цахлай” нь М.Бахтины тодорхойлсон романы үндсэн шинж болох диалогт оршихуйг нэвтрүүлсэн философи-мифологийн бүтээл ажгуу. Энэ төрлийн романыг нэг үнэнтэй зохиол биш олон дуу хоолойтой (полифони) хэмээн нэрлэдэг бөгөөд “диалогизм” (ямар ч утга ганцаараа ордоггүй), дуусашгүй оршихуй болон карнавалчилсан байдлыг өөртөө агуулдаг аж. “Цахлай” романд өгүүлэгч, Цахлай, байгалийн үзэгдлүүд, домог, домог- үлгэр доторх хүний дуу, орчин цаг, уншигч зэрэг өгөгдөхүүнүүд хүүрнэдэг нь дээрх олон дуу хоолойн шинжийг агуулж байна. Гэхдээ эдгээр дуу хоолойнууд нь цаашид үргэлжлэх төлөвөө хадгалдаг. Бахтин “Зохиолч үнэнийг зарладаг биш харин үнэн хоорондын харилцааг зохион байгуулдаг” гэснийг ч багтаасан хэмээн үзэж байна.
Диалогизмын ухагдахуунаар роман нь асуултаар эхэлдэг ч хариултаар төгсдөггүй ба дараагийн асуулт руу шилждэг. Жишээ нь: Хайр, Хань, Үүрэг гэж юу вэ? гэх мэт ил болон далд хэлбэрээр асуултууд үргэлжилнэ. Гэвч нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүй бөгөөд харин ч давхардуулж амьдарна. Энэ бол Бахтины диалоги бөгөөд зохиолын дүр нь захирагдмал объект биш өөрийн ухамсартай оршихуй аж. Харин “Цахлай” романд Цагаанзул өөрийн дуу хоолойтой субъект байдаг нь Бахтины полифонийн цөм юм. Цахлай нь бурханлаг шувуугаар дүрслэгдсэн ч түүнд ямар нэгэн тахин шүтэгдэл үгүй, харин ч эрх чөлөөний бэлгэдэлт шинж агуулагддаг.
Бахтины тодорхойлсноор роман нь бичигдэж дуусаагүй хэлбэр гэдэгчлэн “Цахлай”-н төгсгөл нь үргэлжлэхээр буюу үлгэрүүд дуусаагүй, дахин хүүрнэх шинжээ хадгалж байна. Бичвэрүүд өөрийгөө хаалгүй ирээдүйн хүүрнэлд шилжүүлж, нээлттэй орхиж буй нь туужаас ялгагдах бас нэгэн сэжим мөн. Зохиогч “Цахлай”-г туурвихдаа төрөл зүйлд баригдалгүй харин ч уран зохиолын эрх чөлөөг сонгосон нь анзаарагддаг. Энэ утгаараа “Цахлай”-г постмодерн сэтгэлгээний роман гэж болох нь “романыг дотроос нь задалж цааш нээсэн” утгаар юм. Постмодерн нь романы уламжлалт бүтцийг эвдсэн ч үгүй болгоогүй, харин ч өөрийгөө ухамсарласан шинжтэй агаад “Цахлай”-г тус төрөлд хамаатуулахын учир нь өгүүлэмж нь түүх бусд оршино. Уламжлалт романд эхлэл- зөрчил-төгсгөл гэсэн үйл явдлын дараалал өрнөдөг бол “Цахлай”-д үйл явдал биш яриа, драм бус эргэцүүлэл, шийдэл биш буцах хөдөлгөөн оршдог. Тодруулбал постмодерн роман нь үйл явдлаар бус, утга-оролцоог чухалчилдаг ажээ. Бартын тодорхойлсноор “Текст өөрийгөө уншиж эхэлсэн мөчөөс пост-хэлбэрт ордог” гэдэгчлэн “Цахлай” нь романы уламжлалт өгүүлэмжийг эвдэж, утга, миф, оршихуйн асуудлыг диалоги хэлбэрээр нээсэн пост-роман шинжтэй бүтээл юм.
Шүлэглэсэн хэлбэрээр бичигдээгүй ч тогтож уншвал яруу найргийн хэв шинж, мэдрэмжийг агуулж, яруу найргийн хэл (Poetic Language), хүүрнэл уянга (Lyricism in Prose)-ыг шингээснээрээ “Яруу найргийн роман” (Poetic novel) ч гэж үзэж болох талтай. Учир нь үйл явдал илүү дотоод аялгуутай, өгүүлбэрийн хэмнэл, дүрслэл давамгай, яруу найраг + хүүрнэлийн завсрын орон зайн нийлэмжтэй байна. Дэлхийн уран зохиолд Х.Хессе, Я.Кавабата, Г.Маркесийн зарим бүтээл энэ мэт бичвэртэй байдаг тул олон төрөл зүйлийн нэгдэл (синкретист), уулзварт бүтээгдсэн нь өвөрмөц туурвилын илрэл мөн. Тодруулбал уг зохиол нь уламжлалт роман, туужийн шугаман өгүүлэмжээс ангид, туульслаг шинж бүхий яруу найргийн роман хэмээх Монголын орчин үеийн уран зохиолд харьцангуй ховор бүтээгдсэн төрөл зүйлийг үргэлжлүүлсэн. Гэхдээ “Гал морин цаг” зэрэг шүлэглэлт романаас хэлбэр, өгүүлэмжийн хувьд өөр байж домог, үлгэр, гүн ухааны хөөрөлдөөн, дотоод өчил (монологи), бэлгэдэлт дүрслэлийг нэгэн цул урсгал болгон зангидсан нь барууны роман бүтцээс илүүтэй монгол аман зохиол, тууль, сургаалын сэтгэлгээнд ойртсон өгүүлэмжийн шинэ загвар болж байна.
“Цахлай” романы цараатай сэтгэмж
“Цахлай” роман нь орчин цагийн Монгол уран зохиолд төрөл зүйлийн хэлбэр, өгүүлэмжийн бүтэц, хэл найруулга, гүн ухааны агуулгын түвшинд бодитой шинэчлэл авчирч буй бүтээл болно.
1. Хүн ба байгаль, оршихуй ба ухамсрын харилцааг декорацийн түвшинд бус, ярианы түншлэл, амьд субъектийн түвшинд авч үзсэнээрээ онцлог юм. Цахлай, ус, салхи, сар зэрэг байгалийн бодгаль дүрүүд нь энгийн уран дүрслэл бус хүний сэтгэлгээ, ёс суртахуун, амьдралын сонголтыг тольдон харуулах бэлгэдэлт оршихуй болон амилж байна. Энэ нь ертөнцийг үзэх ардын уламжлалт үзэл, байгаль шүтэх сэтгэлгээтэй нийцэхийн зэрэгцээ орчин цагийн уран зохиолд шинэ хэлбэрээр илэрхийлэгдэж буй онцлогтой юм.
2. Зохиолд ёс суртахуун, хариуцлага, ах захаа хүндлэх, гэр бүл, хань, хүний үүрэг зэрэг суурь ойлголтуудыг шууд ухуулан сурталчлах бус, домогчилсон өгүүлэмж, амьд жишээ, бэлгэдлээр ухааруулсан нь шинэ цагийн уран зохиолд өвөрмөц эрэл болж байна. Энэ нь уншигчийн сэтгэлд аажим нөлөөлөх, удаан амьдрах бүтээлийн үндэс юм.
3. Найруулгын хувьд орчин үеийн ярианы хэлэнд авталгүй, хэт хуучинсаг уянгын хэтрүүлэгт уналгүйгээр амьд, урсгалт, яруу найргийн өгүүлэмжийг тогтвортой хадгалсан. Энэ нь орчин үеийн Монгол уран зохиолд туурвилын соёл, бичвэрийн хэмнэлийг сэргээх, залуу зохиолчдод өөр чиг баримжаа өгөхүйц нөлөөтэй. Иймд “Цахлай” роман нь:
-Монголын уран зохиолд төрөл зүйлийн туршилтаас давсан, бие даасан хэлбэрийн шинэчлэл авчирсан,
-Уламжлалт сэтгэлгээ ба орчин үеийн уран зохиолын хэлний амжилттай уулзвар болсон,
-Богино хугацааны шуугиан бус, удаан уншигдаж, аажим нөлөөлөх чансаатай зохиол хэмээн үнэлэгдэх бүрэн үндэстэй юм.
Энэхүү бүтээл нь орчин цагийн Монгол уран зохиолын хөгжлийн явцад яруу найргийн өгүүлэмжит гүн ухаан- туульсын роман дахин боломжтой гэдгийг нотолсон, соёлын өв, сэтгэлгээний залгамж чанарыг хадгалснаараа чухал хувь нэмэр оруулж байна. Иймд:
1. Монголын уран зохиолын уламжлалт хэлбэрийг орчин цагийн сэтгэлгээтэй шинэчлэн уялдуулсан. “Цахлай” роман нь Монголын уламжлалт тууль, домог, үлгэрчилсэн сэтгэлгээг орчин үеийн философи, дотоод сэтгэлийн урсгал, бэлгэдэлт харилцан яриатай хослуулсан туульсын шинжтэй яруу найргийн роман юм. Энэхүү хэлбэр нь орчин цагийн Монгол уран зохиолд харьцангуй ховор бөгөөд төрөл зүйлийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж байна.
2. Орчин цагийн Монгол хүний ёс зүй, хариуцлага, оршихуйн асуудлыг гүнзгий тусгасан. Гэр бүл, хайр, хань, эрх чөлөө ба хариуцлагын зааг зэрэг манай нийгэмд чухлаар дэвшигдэж буй сэдвүүдийг байгаль, домог, шувууны бэлгэдэлт дүрээр дамжуулан гүн ухааны түвшинд сэрээсэн. Энэ нь уншигчийг сургах бус, өөрөө ухаарч тунгаахад хүргэдэг уран зохиолын үнэ цэнийг дэвшүүлж байна.
3. Уншигчийн өргөн хүрээ, соёлын өвийг орчин цагт өртөөлөх өвөрмөц бүтээл болсон. “Цахлай” роман нь аль ч мэргэжил, насны уншигчдад адил түвшинд танигдах боломжтой бөгөөд монгол хүний байгальтай харилцах уламжлалт сэтгэлгээ, ёс суртахууны үнэт зүйлсийг орчин цагийн хэлээр өртөөлж буйгаараа соёлын бодлогын зорилтод нийцсэн бүтээл юм.
Ийнхүү “Цахлай” роман нь эртний уламжлалт уран зохиолын хэлбэрийг орчин үеийн гүн ухаан, бэлгэдэлт өгүүлэмжтэй уялдуулахдаа XXI зууны иргэний оршихуйн асуудлыг гүнзгий хөндөж, соёлын өвийг шинэ хэлээр дамжуулсан өвөрмөц оролдлогод тооцогдоно.
ШУА-ийн ХЗХ-гийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Цэвээндорж /Доктор Ph.D, дэд профессор/
Уянга туульсын хүүрнэл буюу построманы огтлолцолууд
(Өрнө дорнын уран зохиолын хэлбэрийн харьцуулсан шинжлэл)
“Платеро бид хоёр” ба Цахлай
Испанийн нэрт зохиолч Х.Р.Хименесийн “Платеро бид хоёр” (1914) уянгын туужид үйл явдлыг бус оршихуйг хүүрнэдэг билээ. Үүнтэй “Цахлай” нь зарим талаараа ижилсэж байна. “Цахлай” романд “Цахлай ба Би” хэмээх бүтэц буй бол уг зохиолд “Платеро ба Би” гэсэн өгүүлэмж бас бий. Платеро нь амьсгалтай, эргэх хөдөлгөөнтэй, дуу хоолойт текст буюу хүний ертөнцийн дотоод, чимээгүй хамтрагч болдог. “Би” + Амьтан (илжиг) = Оршихуйн диалог. Цахлай асуулт асууж, эргэлзэн хүүрнэдгээрээ бэлгэдэлт амьтан бус мета хэлний түнш болж хувирна. Эл хоёр зохиолд гүнзгий зөрчил байхгүй ч давтан уншигдахаар мэдрэмжийн урсгалт бичвэр ажиглагддаг. Харьцуулбал:
Платеро Цахлай
Андалузын тосгон Монголын нуур, хээр
Улирлын гуниг Цикл домог
Дотоод мэдрэмж Оршихуйн асуулт
Уянгын аниргүйдэл Философи яриа
Амьтан = Бэлгэдэл үү, хамт орших субъект үү? Уламжлалт шүүмжлэлд амьтдыг бэлгэдэл, зүйрлэл гэж хоёр хуваан авч үздэг. Гэвч зохиолд:
-Платеро – хүний ганцаардлын нөхөр
-Цахлай – хүний асуултын хамтрагч юм. Гэхдээ “Цахлай” нь илүү постмодерн шинжийг агуулдаг. Учир нь:
1.Полифони шинжтэй
2.Төгсгөл хаалттай биш
3.Уншигч оролцогч болдог
Платеро уншигчийг тайвшруулдаг бол Цахлай нь уншигчийг сонсогч, бодогч болгоно. “Платеро бид хоёр” тууж хүний дотоод уянгыг амьтнаар төлөөлүүлсэн өгүүлэмжтэй байхад “Цахлай” нь орчлонгийн асуултыг шувуугаар дамжуулж лавласан бичвэртэй буюу нэг нь дурсамжийг хадгална, нөгөө нь утгыг нээж орхино. Платеро нь хүний дотоод анирыг чимээгүй тээдэг тэжээвэр амьтан бол Цахлай нь орчлонгийн дууг дамжуулдаг жигүүртэн буюу нэг нь ХХ зууны уянгын модернизм, нөгөө нь ХХI зууны пост модерн роман болно.
“Цахлай”-тай жиших бас нэгэн зохиол бол “Мянга нэгэн шөнийн үлгэр” юм. Уг үлгэрт төгсгөлийг томруулдаг зохиомжийн бүтэц ажиглагддаг бөгөөд амьд үлдэхийн тулд хүүрнэхдээ нэг өгүүлэмж нөгөөгөөсөө урган гардаг буюу төгсгөл – үхэл, үргэлжлэл – амьдрал гэсэн логикоос бүтсэн байдаг. Зохиолын гол дүр Шахерезада:
-Хаанд сургаал айлдаагүй
-Ёс суртахуун заагаагүй
-“Чи буруу” гэж хэлээгүй, зүгээр л өгүүлсэн. Өгүүлж чадсан учраас амьд үлдсэн. Тэгвэл “Цахлай” мөн л хүүрнэх замаар оршихуйг бүтээж
-Цагаан зул үлгэр ярьдаг
-Ус, салхи, сар, морь, хүн бүгд хүүрнэдэг
-Нэг үлгэр нөгөөгөөсөө урган гарч ирдэг
-Ямар ч “үндсэн гол үйл явдал” байхгүй. Гэхдээ өгүүлэх нь өөрөө оршихуйн хэлбэр болж хувирсан. Энэ нь “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн гол зарчимтай ижил ба өгүүлж байгаа цагт оршихуй тасрахгүй, төгсгөлгүй байдал нь амьдралын хэмнэлийг цогцлооно. “Мянга нэгэн шөнийн үлгэр” бараг дуусдаггүй буюу төгсгөл нь өөрөө үргэлжлэх давтамж. Тэгвэл “Цахлай”-н төгсгөл: -Цахлай нисэн одно, -“Үлгэрүүд дуусаагүй” гэж хэлээд явна, -Төгсгөл нь таслалт, гэхдээ хаалт биш. Энэ нь роман дуусах бус өгүүлэмж амьд хэвээр үлдэх эгшин юм.
4. Сургаалгүй гүн ухаан
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-т -Ёс суртахуун сургадаггүй, зөв бурууг шууд заадаггүй. Харин амьдралын олон хувилбарыг харуулдаг. “Цахлай” ч мөн адил -“Ингэх ёстой” гэж хэлэхгүй, харин байж болох олон замыг зэрэгцүүлдэг. Иймээс амьдралын гүн ухаан нь бичвэр дотор бус уншигчийн сэтгэлд бий болдог. Энэ нь Р.Бартын “Writerly text”-ийн шинж юм.
Шахерезада ба Цагаан зул
Шахерезада Цагаан зул
Амьд үлдэхийн тулд өгүүлнэ Оршихуйн тухай өгүүлнэ
Хааныг өөрчилнө Уншигчийг өөрчилнө (сэрээнэ)
Үхлийг хойшлуулна Төгсгөлийг хойшлуулна
Өгүүлэмж – амь Өгүүлэмж – зам
“Цахлай” романы төлөв нь “уншаад дуусдаг” өгүүлэмж бус буцаад орж болдог орон зай. “Мянга нэгэн шөнийн үлгэр” шиг хаанаас ч эхэлж болно, бас хаана ч зогсох боломжтой. Эндээс дүгнэхэд “Цахлай” нь “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн уламжлал, зохиомжийг шууд дуурайсан бичвэр бус, харин өгүүлэмжийг оршихуйн механизм болгон ашигласан орчин цагийн пост-роман юм. Өгүүлэхүй нь төгсгөлд хүрэх арга бус төгсгөлөөс зайлсхийх оршихуйн хэлбэр ажаам. Ийнхүү “Цахлай” нь монголын уран зохиолд Шахерезадагийн өгүүлэмжийг ёс суртахуун, сургаал, домгийн баталгаажуулалтаас салган авч, оршихуйн үргэлжлэлийг пост-роман хэлбэрт шилжүүлсэн томоохон оролдлого юм.
“Зохиогчийн үхэл” ба Цахлай
Францын өвөрмөц сэтгэгч, философич Ролан Барт (1915-1980)-ын утга зохиолын онолын ухагдахуунууд “Г.Батжавхлангийн “Цахлай” романд онцгой ажиглагдаж байна. Ялангуяа Р.Бартын “Зохиогчийн үхэл” нь монгол роман доторх зохиогчгүй оршихуйн туршилт болсон гэж үзэж болохоор. Р.Бартынхаар зохиогч нь бүтээлийн эх сурвалж болдоггүй, харин зохиолын бичвэрийн мөн чанар нь олон дуу хоолой (полифони)-н огтлолцлыг бий болгодог. Тиймээс уншигч нь зохиолд оролцогч тал болж зохиолын утгыг бүтээлцдэг байна. Ингэснээр зохиолч юу хэлэхийг хүссэн бэ? хэмээсэн асуулт нь замхарч харин ч уншигчдаас “юу болж байна вэ? гэсэн асуултыг өдөөдөг. Энэ утгаараа “Цахлай” нь “зохиогчийн үхэл”-ийг дотроос нь хэрэгжүүлсэн, эрх мэдлийн шилжилт бүхий зохиол буюу Р.Бартын онолыг өөрийн бичвэртээ бодитоор амилуулсан жишээ болж байна. Тухайлбал зохиогчоос Цахлайд хариу өгдөггүй, харин асуултыг уншигчдад дамжуулах үүрэг хүлээдэг. Ингэснээр зохиогч нь ярианы эзэн биш, ярианд оролцогч субъект болж буй юм. Үүнийг Барт “Зохиогч текстэд ноёрхохоо болих мөч” гэж томьёолсон байна.
Р.Бартынхаар цахлай нь дүр биш, бэлгэ тэмдэг ч бус харин уншигчийн байр суурийг дотроо шингээсэн оршихуй ажээ. Цахлай асууна, эргэлзэнэ, ойлгосон мэт дүрээр дахин лавлана, гэхдээ хариу хүлээдэггүй. Бартынхаар энэ нь утга бүтээгч субъект юм. Мөн ёс суртахуун нь “Цахлай” романы бичвэрт бус уншигчийн дотор өдөөгдөх үйл явцыг тодруулах буюу утгыг олох боломжийг уншигчдад үлдээж буй нь Р.Бартын онолтой дүйж байна. Учир нь зохиолын утга эрт илэрвэл уншигчдад сонирхолгүй болох тул уншигчийн сэтгэн бодох үйл ажиллагааг идэвхжүүлэх нь дотоод мэдрэмжийг сэдээх гоо зүй юм. Тиймээс зохиолын тайллыг уншигчдад үлдээх буюу роман хэдий дуусавч уншигчдын сэтгэлд үргэлжлэх мэдрэмж нь зохиогчийг “үхүүлэх”, эсрэгээрээ уншигчийг “үхүүлэх”-гүй байх Бартын онолын гол шугам нь ажгуу. Утга санааг өөрсдөөр (уншигчид) тайлуулах нь сонгодог уран зохиолын нэгэн хэмжүүр байдаг. Энэ нь Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал”, А.Камюгийн “Этгээд хүн” зохиолуудад тод анзаарагддаг билээ. Р.Бартын онолоор “Цахлай” роман нь зохиогч төвтэй монголын уламжлалт бичвэрээс уншигч төвтэй пост-роман руу хийсэн чимээгүй шилжилт буюу “Зохиогчийн үхэл”-ийг монгол уран зохиолд бодитоор хэрэгжүүлсэн анхны оролдлогуудын нэг юм.
Зохиолын хэлийг нягтлан судалбал “Цахлай” нь мета хэл дээр тогтсон бичвэр бөгөөд Р.Барт энэ тухай “Мефологиуд” номондоо семиологийн элементүүдийн хэлийг анхдагч хэл (first-order language- юмыг шууд өгүүлдэг, “юу болов” гэдгийг хэлдэг хэл) буюу мета хэл (metalanguage- өгүүлж буй зүйлээ өөр нэг утгын системээр дахин тайлбарлаж, тухайн өгүүлэмжийг өөрөө судлах, өөрөө асуух түвшинд хүргэдэг хэл) гэж ангилан авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл мета хэл бол өгүүлж буй зүйл болон түүнийг ажиглаж буй ухамсрын нийлбэр ажээ. Иймд “Цахлай” анхдагч өгүүлэмж мөн үү гэвэл Хүн, Цахлай, Ус, Сар, Үлгэр, Дурсамж болж байна. Эдгээр нь гаднаасаа анхдагч өгүүлэмж шиг харагдах ч бодит байдал дээр: Цахлай – шувуу биш, Ус – байгаль биш, Сар -тэнгэрийн биет биш, Үлгэр – сонирхуулах зорилго биш. Эдгээр нь өөрсдөө утгыг тайлбарлагч тэмдэг болж буйгаараа “Цахлай” нь мета хэлний жишээ гэдэг нь тодорхой байна. Учир нь Цахлай бол мета-өгүүлэгч буюу зохиолын дүр, асуулт тавигч, хүний бодлыг хөдөлгөгч, хүүрнэгчийг шалгагч буюу Бартын тодорхойлсноор “өгүүлэмжийн доторх тайлбарлагч” нь юм. Нэг ёсондоо Цахлай нь өөрөө хэл, Цахлай нь бичвэрийн ухамсар ба Ус, салхи, сар = хоёрдогч тэмдэглэгээ болж байна.
Уламжлалт романд дүр нь ертөнцийг тээдэг бол “Цахлай” романд ухамсар нь өгүүлэмжийн төв болдог билээ. Тухайлбал үлгэр ярьж байхдаа үлгэр хүүрнэдэг, домог ярьж байхдаа домгийн тухай эргэлздэг нь “Цахлай”-н мета-өгүүлэмж юм. Бартын семиотик загвараар: Тэмдэг- Анхдагч утга- Мета утга, Ус Байгаль- Ой санамж- амьдралын архив, Салхи- Байгалийн үзэгдэл- Үг дамжуулагч, Сар- Гэрэл- Хүний дотоод толь, Цахлай- Шувуу- Асуулт, ухамсар бөгөөд эдгээр нь “миф” болж хувирдаг. Р.Барт онолын нарийн томьёоллуудыг тайлбарласан нь “Цахлай” романд ийн хамаатаж байна.
Цахлайн дүр дэлхийн утга зохиолд
Оросын зохиолч А.П.Чеховын “Цахлай” (1896) жүжиг ахуй байдлыг голлон үзүүлж хэв шинжит олон дүрүүдээс бүтсэн бол Г.Батжавхлангийн “Цахлай” роман эхнээсээ төгсгөл хүртэл нуурын хөвөө, цахлайн хүүрнэл өрнөдөг нь зохиомж сүлжилдэх бус нэвт үргэлжилж буйгаараа дүрслэл, сэтгэмжийн өвөрмөц шийдлээрээ ялгарч байна.
АНУ-ын алдарт зохиолч Ричард Бахын “Жонатан Ливингстон цахлай” тууж 1970 онд хэвлэгдэж улмаар кино болсон түүхтэй. Өрнөдийн суурин газрын цахлайнууд загасчны завь бараадан амь зогоох төдий нэгэн хэвийн, уйтгартай байдаг бол гол дүрийн цахлайн зорилго хоолоо шүүрэхийн тулд урт далавчаа ашиглах төдийхөн бус илүү хол, илүү өндөрт нисэх хүсэл тэмүүллээрээ ялгардаг. Ялангуяа цахлай шувуудын зүрхэлдэггүй өндөрт- хурдтай нисэж сурахыг хичээн оролдох нь бусад цахлайнуудад огт таалагддаггүй тул хавчин гадуурхагдсаар цөлөгддөг. Өөрөөр хэлэхэд Жонатан цахлай тодорхой цэгт тэмүүлж өөрөөр амьдрахыг, өөрчлөгдөхийг хүсдэг бол Г.Батжавхлангийн “Цахлай” зохиолчийн би баатар буюу сэтгэл зүрх, мэдрэмжийн биелэл болж хүний дотоод аглаг руу аялж буйгаараа ялгаатай юм. Нэг ёсондоо далай, тэнгисийн эрэг дээрх цахлай элэн дүүлж, эрх чөлөөний жигүүр бүхий бэлгэдлийн дүр бүтээдэг бол монгол цахлай нь зохиолчийн оюун санааны хөтөч буюу гүн ухаанч, газар амьтай болон идээшиж буйгаараа ондоосож байна. “Далай давлагаалахад цахлай зовдог” гэдэг шиг эргэлдэн нисэх нь цахлайн хувьд үндсэн үүрэг, таашаал нь байсан бол оюун санаагаараа “нисгэж” хөөрөлдүүлж чадсанд Г.Батжавхлангийн сэтгэмжийн ур чадвар оршино. Жонатан Ливингстон хэмээх цахлай буруу газраа буруу цагтаа амьдарч байсан ч ардчилсан дэвшилтэт үзлийн дууч болж буй бол Жавхлангийн “Цахлай” нь өгүүлэгчтэй холбогдож зохиолын сэдэв, санааны жигүүр болж буйгаараа онцлогтой юм. Өөрөөр хэлэхэд цахлай нь дэлхийн утга зохиолд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн бэлгэдэл болсон бол энэхүү зохиолд дорнын уламжлалт “өвгөн шувуу” адил амьдралын номлогч болж буйгаараа содонсож байна.
Жонатан нисэж сурсан Цахлай бол Г.Батжавхлангийн “Цахлай” ярилцаж сурснаараа ялгарч Орос, Өрнөдийн утга соёл дахь түгээмэл өгүүлэмжийг дорно дахинд идээшүүлсэн буюу хүн бүхний дотор орших хүслийн цагаан цахлайг “хөөрөлдөөнт дүр” болгон амилуулсан онцлогтой байна. Дэлхийд алдартай энэ сэдвийн зохиолууд гүнзгий бодомж, зөн совингийн мэдрэмжийг чухалчилж ирсэн тэр л уламжлалыг “Цахлай” зохиолд барьж чаджээ. Хэрэв тийм үгүйсэн бол энэ сэдвээр оролдоод ч хэрэггүй. Чухам үүгээрээ энэхүү зохиол Г.Батжавхлангийн дурлан тэмүүлэх их утга зохиолын далай тэнгист өөрийн гэсэн завь урлах урам зоригийг бадраасан гэж болно.
Б.Шүүдэрцэцэгийн “Хүслийн цахлай” өгүүллэгт хүнд өвчин туссан ижийнх нь биелэгдээгүй хүсэл нь далай үзэж цахлай харах байсан төдийгүй өгүүлэгчийн шинэ амьдралын эхлэл, бэлгэдэл мөнөөх далайн эрэг буюу хайрын түүх байдаг. М.Горькийн “Салхич шувуун дуу” шүлэг Аугаа их Октъябрын хувьсгалд уриалан дуудаж дэлхийг өөрчилсөн шиг “Уран зохиол шинэлэг агаад нууцлаг байх ёстой” хэмээн оюун санааны эрэл хайгуул хийхийг чухалчилдаг Г.Батжавхлангийн уран Цахлай утга уянгын тэнгист дүүлэн нисэх болтугай! Цахлай цааш “цахилна” гэдэгт итгэнэм.
ШУА-ийн ХЗХ-гийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Цэвээндорж /Доктор Ph.D, дэд профессор/
2025.01.28