Ж.Энхбаяр: Манай улсад АИ-92 шатахууны 42 хоногийн нөөц байна

662711917_1268908778672641_4320709796133673103_n-1024x819

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл танилцууллаа. Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгааг танилцуулав. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ.

Тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд хэллээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой байгаа аж. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийжээ. Нүүрсний арилжааны биелсэн үнэ нь анх дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувийн өсөлттэй байна. Ялангуяа гуравдугаар сар дуудлага худалдааны үеийн үнийн өсөлт илүү өндөр байгааг онцлов.

Ойрхи Дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрчээ. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.

About Author