ДХИС 2023-2024 оны хичээлийн жилд 17 хөтөлбөрт элсэлт авна
Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн талаар Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяатай ярилцлаа.
- Дотоод хэргийн их сургууль 2023-2024 оны хичээлийн жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох Цагдаа, Хил, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ, Эрх зүйн чиглэлийн нийт 17 хөтөлбөрт элсэлт авна.
- Элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ?
Манай сургууль нь их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна сургалтын хэлбэр, хөтөлбөрийн онцлогоос хамаарч төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг мөн шаарддаг. Нийтлэг шаардлагад эзэмшсэн боловсролын түвшинг илэрхийлэх гэрчилгээ, дипломын баталгаажилт, элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо, сурлагын голч дүн зэрэг оюутны ерөнхий суурь чадамжийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна.
Тусгай шаардлагад захиалагч агентлаг, байгууллагуудын мэргэжлийн онцлог буюу иргэдийн амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэнчээр хүчин зүтгэх эх оронч үзэл, сэтгэлгээ бүхий ёс зүй, хандлага, төлөвшил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна. Тухайлбал, бие эрхтний зөв хөгжилтэй, дүрэмт хувцас өмссөн үед биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шивээс сорвигүй байх, /биеийн далдлагдах хэсэгт 50х30 мм-ээс томгүй хэмжээтэй шивээстэй байж болно/, биеийн өндөр эрэгтэй 168 см, эмэгтэй 163 см-ээс дээш, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ял шийтгүүлж байгаагүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Харин Хил судлал хөтөлбөрт эрэгтэй 165 см-ээс дээш байхаар өндрийн хэмжээг буулгасан.
- Элсэлтийн журмын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс олон нийтэд хүргэсэн.
Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрд элсүүлэх суурь шалгалтын босго оноог жил бүр шинэчлэн тогтоодог. Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо 480-500, алба хаагчдад зориулсан хөтөлбөрт 440 байхаар, хавсарга шалгалтын босго оноог 480-500 байхаар ялгамжтай тогтоосон. Харин “Цагдаа судлал”, “Дотоодын цэрэг судлал”, “Кибер гэмт хэрэг судлал”, “Хил судлал”, “Хил судлал- сэтгэл зүйн хангалт”, “Хил судлал-ар талын хангалт”, “Хил хамгаалалтын зэвсэг техникийн инженерчлэл”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Онцгой байдал-гамшиг судлал”, “Аюулгүй байдал судлал” хөтөлбөрт хавсарга шалгалтыг Ур чадвараар буюу Бие бялдрын шалгалтаар авна. Элсэгчийг суурь хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, ур чадварын оноогоор эрэмбэлнэ. “Мөрдөх алба”, “Шинжлэн магадлах ухаан”, “Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа”, “Эдийн засаг-улсын нөөц”, “Нийгмийн ажил”, “Эрх зүй” хөтөлбөрт хавсарга шалгалт нь журмаар тогтоосон хичээл байна. Элсэгчийг 2 шалгалтын нийлбэрээр эрэмбэлнэ. Элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж нь 2021, 2022, 2023 оных байна.
- Дотоод хэргийн их сургуульд элсэх сонирхолтой охид их байдаг. Шинэ хичээлийн жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү?
Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн дагуу элсэлтийн хяналтын тоог тогтоодог. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх /Цагдаа судлал 4 жилийн хөтөлбөрт 10, 2 жилийн хөтөлбөрт 14, Мөрдөх алба 5, Кибер гэмт хэрэг судлал 4, Хил судлал 2 жилийн хөтөлбөрт 10, Хил судлал- сэтгэл зүйн хангалт 5, Хил судлал-ар талын хангалт 5, Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа 20, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл 6, Аюулгүй байдал-шүүхийн шийдвэр гүйцэтгэл 4, Нийгмийн ажил 10, Шинжлэн магадлахуй 5/ нийт 10 хөтөлбөрт эмэгтэй элсэгч авна. Өөрөөр хэлбэл, 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг төрөөс хариуцдаг хөтөлбөрүүдэд нийт 550 иргэн элсүүлэхээс бакалаврын 4 жилийн хөтөлбөрт 74, 2 жилийн хөтөлбөрт 24 нийт 98 эмэгтэй элсэгч авна гэсэн үг. Харин Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй элсүүлэн авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог тул хүйс заагаагүй.
- Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?
Тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм.
Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
- Иргэд элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?
Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.
- Цахим бүртгэл бүртгүүлэхэд иргэн юуг анхаарах вэ?
Иргэн зөвхөн нэг л хөтөлбөрийг сонгож бүртгүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гарч элсэгчдийг эрэмбэлэхээс өмнө бүртгүүлсэн хөтөлбөрөө солих боломжтой. Эрэмбэлсний дараа хөтөлбөр солих боломжгүй байгаа. Цахимд бүртгүүлэхийн өмнө журам болон заавартай маш сайн танилцаж, мэдээллээ үнэн зөв оруулах ёстой. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн байгууллагуудын мэдээллийн санд байгаа өөрийн хувийн мэдээллийг төрийн байгууллагын мэдээллийн систем хооронд дамжуулан ашиглахыг зөвшөөрсөн байх хэрэгтэй. Мөн элсэлтийн журамд заасан дараах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
-Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр; /ТТАХНЭ-д шинжилгээ, үзлэгт ороход/
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх сорилын хураамж; /тухайн бодисын тест/
-Гэнэтийн ослын даатгалын төлбөр;
-Цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал; /хээрийн дүрэмт хувцас, аранз, ор хөнжлийн даавуу зэрэг бусад эд зүйл/
- Дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрийн элсэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
Тус их сургууль нь захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу өмнө нь эрх зүй, эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, хөдөө аж ахуй, мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах зэрэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнийг мэргэшүүлэх “Цагдаа судлал”, “Хил судлал” 2 жилийн хөтөлбөрт элсүүлнэ. Тус хөтөлбөрүүдэд хяналтын тоонд нийцүүлэн эмэгтэй, эрэгтэй элсэгч элсүүлнэ. Бүртгэл нь мөн цахимаар 2023 оны 05 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдана. Нэмэлт шалгалтууд нь бусад шалгалтын нэгэн адил явагдана.
-Алба хаагчдад зориулсан 5 жилийн хөтөлбөрийн талаар дэлгэрүүлэн тайлбарлана уу.
-“Цагдаа судлал”, “Хил судлал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Аюулгүй байдал судлал”, “Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрт харьяа агентлаг байгууллагын алба хаагчдаас элсүүлдэг. Эдгээр хөтөлбөрүүдэд суурь хичээлийн оноо “Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрт Математик-440, бусад хөтөлбөрт Нийгэм судлал-440-өөс дээш байхаар тогтсон. Хавсарга шалгалт нь ур чадвар буюу бие бялдрын шалгалт байна. Алба хаагчдад зориулсан 5 жилийн хөтөлбөрт тухайн мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш настай алба хаагчийг нотлох баримтыг үндэслэн шалгалтгүйгээр элсүүлнэ.
– Ярилцсанд баярлалаа.