“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв

“Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв

Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буй “Оюуны өмч-Хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр /2026.04.28/ болж өндөрлөлөө.

Оролцогчид оюуны өмчийн эрхийг үр дүнтэй хамгаалахад оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг, оролцоо, оюуны өмчийн үнэлгээ, хамтын удирдлагын байгууллага болон хөгжмийн бүтээлийн ашиглалт, их сургууль болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны нөөц боломж, технологийн шийдлээр боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, түүний ач холбогдол, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ хандлагуудын талаар илтгэлүүдтэй танилцаж, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд:

  • Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаарх ойлголтууд, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамгаалалт, мэдүүлгийн үе шатууд, эрхийг хүчинтэй байлгах ба портфолио удирдлагын талаарх мэдээлэл өгөв.
  • Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн институтийн  удирдах зөвлөлийн гишүүн П.Болормаа оюуны өмчийн үнэлгээ ба хөрөнгө оруулалтын талаарх салбарын өнөөгийн байдал, шаардлага хэрэгцээ, ач холбогдол, үнэлгээний арга зүй, практикийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
  • Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од зохиогчийн эрх ба хамаарах эрх, хамтын удирдлагын нийгэмлэгүүдийн удирдах эрх, чиг үүрэг, олон улсын зохиогчийн эрх болон хамаарах эрхийг хамгаалах байгууллагууд, бүртгэн баримтжуулалт, бүтээл ашиглалтын төлбөр тооцох аргачлал, нийтийн гүйцэтгэлийн эрх, бүтээл ашиглалтын төлбөр хураамж ба хуваарилалт, зарцуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
  • ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр их сургуулийн судалгаа, инновацын нөөцийг “Шинжлэх ухаан технологийн жишээтэй холбон тайлбарлахдаа оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай”, тиск хөтөлбөр, түүний үр өгөөж, нийгмийн хөгжилд их сургуулийн оролцоо, их сургууль болон бизнесийн хамтын ажиллагааны загварын талаарх танилцууллаа.
  • Оюуны өмчийн зуучлагч “И ЭС ЭЙ ЭН” ХХК-ийн Хамтын ажиллагааны менежер Э.Чимэдцэеэ боловсролын тэгш хүртээмжтэй байдал, оюуны өмчийг хамгаалах түгээх, цахим сангийн бүтээл туурвигч, уншигч болсноор хүртэх боломжууд, ач холбогдлын талаар ярьсан юм.
  • Оюуны өмчийн зуучлагч “Арт эксчэнж хаб” ХХК-ийн хуульч, бизнес хөгжлийн менежер Г.Өсөхсарнай оюуны өмчийн зах зээлийн уламжлалт хэлбэр, өнөөгийн Монголын оюуны өмчийн систем, оюуны өмчийн амжилттай кейсүүд, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, туршлагууд, хууль эрх зүйн тогтолцоо, “Арт эксченж хаб” ХХК-аас бүтээл туурвигчидтай хэрхэн хамтран ажиллах боломжуудын талаарх мэдээллүүдийг хуваалцлаа.

Энэхүү арга хэмжээ нь 2026.04.30-ны өдөр “Дэлхийд танигдсан Монгол брэнд” сэдвүүдийн хүрээнд үргэлжлэн зохион байгуулагдана. Уг арга хэмжээний үеэр Оюуны өмчийг ашиглан бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлж үнэ цэн баялаг бүтээх, оролцогч талуудын санал шийдлүүдийг харилцан уялдуулж цогц байдлаар тодорхойлсны үндсэн дээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, олж авсан мэдлэг сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилготой ба Монгол брэндүүдийн олон улсын зах зээлд амжилттай нэвтэрсэн туршлага, бүтээгдэхүүнийг онцлон танилцуулна.

About Author