Л.Гангэрэл: Бодлого тогтвортой байж уул уурхайн салбар хөгжинө

download (24)

Эх сурвалж: 24tsag.mn

Сүүлийн жилүүдэд хариуцлагатай уул уурхай гэх агуулга сөхөгдөх болсон. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь энгийнээр уул уурхайн бизнес улсын эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдрал, байгаль орчинд ээлтэй байх явдал юм. Энэ агуулгын хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Эдийн засагч Л.Гангэрэлтэй ярилцлаа. Тэрээр Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-н хараат бус олон нийтийн зөвлөлийн гишүүнээр мөн ажиллаж буй.


-Ярилцлагын эхэнд уул уурхайн салбар ба Монгол Улсын эдийн засаг гэх өргөн агуулгын хүрээнд товч хариулт өгөхгүй юу?

-Товчхондоо, манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, эмзэг.  Нийт экспортын орлогын 93 хувийг, төсвийн орлогын 30 гаруй хувь, ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаа. Эндээс эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байгаа салбар болох нь тодорхой харагдана. Харин ажиллах хүчний оролцооны түвшин харьцангуй бага онцлогтой.

-Газрын хэвлий дэх баялаг улс орныг хөгжилд хөтөлдгөөс гадна аймаг, орон нутагтаа ч үлэмж өгөөжтэй. Энэ нь уул уурхай хөгжсөн аймгууд хөгжлөөрөө түүчээлж байгаагаас тодорхой харагддаг?

-Өмнөговь аймгаар жишээ аваад ярихад, тус аймаг улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг. Сүүлийн 10 гаруй жилд улсын төсвөөс татаас аваагүй. Уул уурхай хөгжсөн аймгуудын иргэд илүү өндөр орлоготой, ажлын байртай болсон нь харагддаг.

Мөн уул уурхайн туслан гүйцэтгэгч компаниуд орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлдэг. Хоол хүнс, хувцас, үйлчилгээ гээд олон төрлийн хэрэгцээг орон нутгаас хангаж байна. Иймээс тендерийг ил тод, нээлттэй зарлах нь чухал. Ингэснээр орон нутгийн иргэд, бизнесүүд бодитоор оролцож, эсэргүүцэл багасна.

Уул уурхайгүй аймгууд хөгжлөөр хоцрогдох хандлагатай байдаг нь үнэн. Тиймээс Баялгийн сангаар дамжуулан бүс хоорондын ялгааг бууруулах шаардлагатай.

-Баруун аймгууд дотроос мал аж ахуйд түшиглэсэн дан орлогоо солонгоруулж, уул уурхайгаар дамжуулан хөгжлөө хурдасгаж буй бүс нутаг бол Ховд аймаг. “МоЭнКо” ХХК-ийн Хөшөөтийн чулуун нүүрсний орд аймгийн хөгжил, ард иргэдийн амьдралд олон эерэг үр дагавар үзүүлж байгаа?

-Хөшөөтийн чулуун нүүрсний уурхай бол Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гарчихсан төсөл. БНХАУ-ын зах зээл рүү нүүрс олборлоод 10 гаруй жил болж байгаа. Өмнө өгүүлсэнчлэн, нүүрсний уурхайд орон нутгийн иргэд ажиллах замаар өгөөжөө хүртэж байгаа. Мөн туслан гүйцэтгэх компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хэсэг нь хөгжлийн сангаараа дамжиж аймагтаа үлддэг. Тэр нь орон нутгийн төсөл, төлөвлөгөөнд зарцуулагддаг.

-Уул уурхайг тогтвортой хөгжүүлэх нь аймаг орон нутгийн төдийгүй улсын хөгжилд нэн чухал асуудал. Тиймээс энэ чиглэлд хэрхэн анхаарах нь зүй вэ?

-Уул уурхайг тогтвортой хөгжүүлэх асуудал дотроо олон янз задарна. Бодлогын тогтвортой байдал, татварын тогтвортой байдал, улс төрийн нөлөөллийг багасгах, орон нутгийн иргэдтэй харьцах зэрэг маш олон асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, татварын өөрчлөлтийн асуудал зэрэг агуулгыг ч анхаарч үзэх учиртай.

-“Хариуцлагатай уул уурхайн кодекс” гэх асуудал яригдах болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “Хариуцлагатай уул уурхайн кодекс” гэж хэрэгжүүлж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хараат бус олон нийтийн зөвлөл гэж байгуулагдсан. Энэ зөвлөлийн эдийн засгийг төлөөлсөн гишүүнээр би ажилладаг. Энэ кодексийг хөгжүүлээд эхлэхээр уул уурхайн компаниуд “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-д нэгдэнэ. Улмаар уул уурхайн компаниудыг үнэлнэ. “Хариуцлагатай уул уурхайн кодекс” нь уул уурхайн компанид ч өгөөжтэй. Тухайлбал, үнэлгээнд үндэслэн санхүүжилтийн асуудал ч яригдана. Нөгөө талаар, төр засаг өөрөө хариуцлагатай болох учиртай. Бодлого нь тогтвортой байж энэ салбар хөгжих учиртай.

About Author