“Оюутолгой” компани I улиралд 2.5 сая ам.долларын орлого олов
“Оюутолгой” компани энэ оны I улирлын тайлангаа өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийнхан тун сайн ажилласан гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 10 хувиар давуулан биелүүлж, дэлхийн зах зээлд зэс болон алтны үнэ өссөн учраас орлогын төлөвлөгөөгөө ч 20 хувиар өсгөжээ. Түүнлчэн 91 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тооцсоноос 101 000, 113 унц алт гаргахаар төлөвлөснөөс 123 унцад хүргэжээ.
Ингэснээр 2.5 сая гаруй ам.долларын орлого олсон нь төлөвлөснөөс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Орлого ийнхүү өссөн нь компанийн чөлөөт мөнгөн урсгал (FCF) буюу үйл ажиллагааны бүх зардлаа хассан дүнгээр олсон хөрөнгийг 596 сая ам.доллароос давуулсныг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх мэдээллээ. Улмаар чөлөөт мөнгөн урсгалын хэмжээг оны эцэст 2.6 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн аж. Ингэснээр15 банкнаас авсан 10.5 тэрбум ам.долларын зээлээ дарах боломж бүрдэх гэнэ. Мөн гүний уурхайд тээрэм нэмж байгуулсны үр дүнд хүдрийн бутлалтыг илүү сайжруулж, металл авалтыг нэмэгдүүлсэн юм байна. Бэлтгэж буй хүдрийн биет хэмжээ болон агуулга ч өсөж байгааг “Оюутолгой” компаниас мэдээллээ.