С.Мөнхсүх: “Оюу толгой” ХХК ус бохирдуулахгүйн тулд маш их хөрөнгө оруулж, гадагшаа ус асгадаггүй инженерийн системийг бий болгосон

images (26)

“Оюу толгой” компани улирлын тайлангаа танилцуулах уулзалтыг өчигдөр зохион байгуулсан юм. 

Энэ үеэр ус ашиглалттай холбоотой сэтгүүлчийн асуултад “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хариулт өгөв. 



Сэтгүүлч: Ус бохирдуулсны төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ талаар тайлбарлана уу?

Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Ер нь устай холбоотой тайлбар тавих, ойлголцох шаардлага бидэнд нэлээд байгаа. Буруу зөрүү ойлголт гарч байна. Юун түрүүнд усны төлбөр төлдөггүй гэсэн ойлголт байхгүй. Энэ тал дээр маш өндөр хяналттай явдаг.

Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 220 тэрбум төгрөгийн усны татварын төлбөрийг орон нутагтаа төлсөн.

Хоёрдугаарт ус бохирдуулалттай холбоотой төлбөрийн асуудал яригдаж байгаа. Үүнд зарчмын асуудал бий. Бид мөнгө өгөхгүй, төлбөрөөс зайлсхийгээд байгаа асуудал биш. Гол нь ус бохирдуулж байна уу, бохирдуулахгүй байна уу гэдэгтэй холбоотой. 

Оюу толгой компанийн байр суурь бол бид нар ус бохирдуулдаггүй. Ус бохирдуулахгүйн тулд маш их хөрөнгө оруулж, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд гадагшаа ус хаядаггүй, асгадаггүй инженерийн системийг бий болгосон.

зураг

Иймд ус бохирдуулж байна уу, үгүй юу гэдэг асуудлаа нэг тийш нь болгох хэрэгтэй.

Одоогийн байдлаар усны дахин ашиглалт маань 87 хувьтай байгаа. Бидний ашиглаж байгаа үйлдвэрлэлийн ус хяналтаас гараад хөрсөнд шингэж байгаа гэх ойлголт байхгүй. Гол, сав газар руу цутгаагүй.

Бид хариуцлагатай ажиллаж, хөрөнгө оруулалт хийгээд усаа дахин ашиглаж, далангаа босгосон. Аргачлал дээрээ нэгдсэн ойлголттой болъё. Хэрвээ бид үнэхээр ус бохирдуулаад байгаа юм бол тэрийгээ олж мэдэж авъя. Засаж залруулъя. Бид нар усаа хурааж, дахин ашиглаагүй юм шигээр торгууль ногдоод байна. Усны газрын төлөөллүүдтэй ярилцах төлөвлөгөөтэй байгаа. 



“Оюу толгой” ХХК болон Усны газрын төлөөллүүд өчигдөр үдээс хойш уулзсан бөгөөд талууд усны нөөцийг хамгаалах, уул уурхайн нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, инженерийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй байгаад санал нэгдсэн байна. 

About Author