З.Болортунгалаг мөнгө, Г.Төрболд хүрэл медальтай ирэх нь

_З.Болортунгалаг мөнгө Г.Төрболд хүрэл медальтай ирэх нь

Өмнөд хөршид эхэлсэн “Саньяа-2026” Азийн элсний спортын VI наадамд оролцож буй Монголын баг жиү жицүгийн төрөлд хоёр хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага чөлөөт бөхийн төрөлд дөрвөн тамирчин зодоглож буй. Тэднээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, тивийн аварга, З.Болортунгалаг Тайванийн Сай Шин Фаныг 3:0, БНСУ-ын бөх Жон Соёонг 2:0-ээр ялж, хоёр дахь ялалтаа авсан. Тэрбээр шигшээ наймд БНХАУ-ын Ли Вэнжиг мөн 2:0-ээр илүүрхэж, хагас шигшээд Казахстаны Эртостик Алинаг 3:0-ээр хожив. Аваргын төлөө Энэтхэгийн тамирчин, 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл, Ази тивийн хошой аварга Малик Прияад 3:2-оор ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдээс 90 кг-д Г.Төрболд Камбож улсын тамирчин Хэн Вутиг 1:0-ээр буулган авч, хэсгийн хоёр дахь ялалтаа байгуулав. Тэрбээр дараагийн учраа болох Киргизстаны Доктурбек Уулу Сэйтек, Тажикстаны Назаров Хакназар нарыг 2:1ээр хожиж, хагас шигшээд Пакистаны Инам Мухаммедэд 1:0-ээр ялагдсан юм. Хүрэл медалийн төлөөх
барилдаанд БНХАУ-ын Ли Пэй Лонгийг 3:1-ээр буулган авснаар шагналын тавцанд зогслоо.

+90 кг-д өрсөлдсөн “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клубийн тамирчин Ч.Алтангэрэл Непалын Яадав Трилоки Прасадыг 3:0, Пакистаны Гулзар Мухаммадыг 2:0-ээр ялж хэсгийн хоёр дахь ялалтаа авав. Түүнчлэн хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд оролцсон, Багануур дүүрэг, Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчин, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Дулмаа 12 метр 90 см-ийн амжилтаар VI байр эзэлсэн байна. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүд Индонез, Малайзын шигшээг хожиж, хэсгийн гурав дахь тоглолтод Шри Ланк улсын багийг 22:11 ялсан юм. Хасагдах шатанд Бахрейн тамирчдыг 15:12-оор буулган авч, шигшээ наймд шалгарсан. Эмэгтэйчүүд Тайвань, Малайз,
Макаогийн шигшээг хожиж, мөн шөвгийн наймд шалгарчээ. Ташрамд дуулгахад, Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Филиппин улсын Сэбу аралд Азийн элсний VII наадмыг ирэх жил зохион байгуулах юм.

About Author