Баянхонгорт ЖДҮ-ийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх гурван талт түншлэлийн эхлэл тавигдлаа
-“BAYANKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА-
Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг бодитоор хэлэлцэн шийдвэрлэх зорилготой “Bayankhongor Economic & SME Forum 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Уг форумыг “Хонгорын Эрхэт Зангилаа” ЖДҮ эрхлэгчдийн холбоо 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр санаачлан зохион байгуулж, төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээ, санхүүгийн байгууллагуудын өргөн хүрээний төлөөллийг нэг дор цуглуулснаараа онцлог болов. Форумд уул уурхайн салбарын үндэсний хэмжээний төлөөлөл, зээлийн батлан даалтын байгууллагууд, их сургуулийн харьяа судалгааны хүрээлэн, Монголбанк, орон нутгийн төрийн байгууллагууд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн туслан гүйцэтгэгчид болон хувиараа ашигт малтмал олборлогчид оролцож, харилцан туршлага солилцон, бодит шийдлийн эрэлд хамтран ажиллалаа.

Форумыг нээж аймгийн Засаг дарга Э.Энхбат хэлсэн үгэндээ “ЖДҮ-ийг дэмжих бодлого нь манай аймгийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч. Зөвхөн санхүүжилтээс гадна зах зээлийн хүртээмж, дэд бүтэц, хүний нөөц, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Иймд үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгчид нэгдэн санаачилга гарган энэхүү форумыг зохион байгуулж буйд талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт 3332 иргэн, аж ахуйн нэгж ЖДҮ эрхлэгчээр бүртгэлтэй байгаагаас 1563 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. ЖДҮ-ийг дэмжих сангаас нийт 3.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 56 иргэн, аж ахуйн нэгжид олгож, 221 ажлын байр шинээр бий болгосон бол Хоршоо хөгжүүлэх сангаас 197 иргэн, ААН-д 5.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлжээ. Мөн 2012 онд байгуулагдсан Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци ЖДҮ эрхлэгчдэд бичил зээл олгох замаар тогтвортой дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгийг 260 зээлдэгчид олгосон байна. Одоогийн байдлаар 707.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй уг санхүүжилтийг цаашид банкаар дамжуулан олгох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж, ойрын хугацаанд аймгийн ИТХ-аар батлуулахаар төлөвлөж буй нь ЖДҮ эрхлэгчдэд илүү хүртээмжтэй, тогтвортой санхүүжилтийн орчин бүрдүүлэх чухал алхам болох юм. Форумын хүрээнд Баянхонгор аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, ЖДҮ-ийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн боломж, уул уурхайн хөрөнгө оруулалт болон орон нутгийн нөөц боломж гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид идэвхтэй асуулт, хариултын хэлбэрээр санал бодлоо солилцлоо.

Энэхүү форум нийт гурван үе шатын турш зохион байгуулагдсан бөгөөд Баянхонгорын эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиглэл хэлэлцүүлэгээр нэгдүгээр үе эхэлсэн. Хоёрдугаар үе шат Аялал жуулчлал, ЖДҮҮ боломж хэлэлцүүлэгээр өрнөж, улмаар Уул уурхайн хөрөнгө оруулалт, орон нутгийн боломж хэлэлцүүлгээр тус форум өндөрлөсөн билээ.
Нийт гурван үе шатны турш зохион байгуулагдсан энэхүү форумд оролцогч, зохион байгуулагчдын зүгээс дараах санал, сэтгэгдлүүд гарсаныг товчхон хүргэе.
Д.УРАНЧИМЭГ: ЖИЛ БҮР ХАМТДАА ЦУГЛАЖ, ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭГЭЭ УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ, ХАМТЫН ХҮЧЭЭР БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ, ЭДИЙН ЗАСГАА БЭХЖҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ БҮРДЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

“Хонгорын Эрхэт Зангилаа” Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийн Холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Уранчимэг: -Баянхонгор аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид нэгдэн, хамтын зохион байгуулалтад орж, орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд бодитой, үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү форумыг санаачлан зохион байгууллаа. Бид цаашид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан суралцах боломжийг улам өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мэдээж хэрэг, зөвхөн форум зохион байгуулснаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд шууд шийдэгдэх боломжгүй. Харин оролцогчид маань идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолой, санал бодлыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, судлаач, шинжээчдэд хүргэж чадсанаар форумын бодит үр дүн гарч, оролцогч бүрт өгөөжөө өгнө гэж бид үзэж байна. Иймд бид жил бүр хамтдаа цуглаж, энэхүү арга хэмжээгээ улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтын хүчээр бизнесээ тэлэх, эдийн засгаа бэхжүүлэх өргөн боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ утгаараа манай холбоо анх удаа санаачлан зохион байгуулж буй энэхүү форум нь орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн бизнесийг өргөжүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Бидний энэхүү санаачилгыг дэмжин оролцсон төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, мөн хүрэлцэн ирж мэргэжлийн арга зүй, зөвлөгөө, бодит мэдээлэл өгсөн судлаачид, эрдэмтэн, докторууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид бид аялал жуулчлал, уул уурхай болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг уялдуулан хөгжүүлэхэд онцгой анхаарч, ЖДҮ эрхлэгчдээ чадавхжуулах, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд зохион байгуулсан уг форумд ЖДҮ, үйлчилгээ, худалдааны салбарын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн банк, санхүүгийн байгууллагууд, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцож, үр дүнтэй, амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Л.ГАНГЭРЭЛ: АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НЭГДСЭН БРЭНД БИЙ БОЛГОЖ, ТЭР БРЭНДИЙН ХҮРЭЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ, ЗАХ ЗЭЭЛД ГАРГАВАЛ ИЛҮҮ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛНО

Тус форумын модератор, УИХ-н Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Гангэрэл: -Энэхүү форумыг зохион байгуулж буй холбоотой миний хувьд хоёр сарын өмнөөс эхлэн нягт хамтран ажилласан. Форумыг хэрхэн илүү үр дүнтэй, бодит ач холбогдолтой зохион байгуулах вэ гэдэгт анхаарч, санал бодлоо хуваалцаж ирсэн. Миний зүгээс хамгийн түрүүнд онцолсон гол санаа бол Монгол Улсад хурал, уулзалт олноор зохион байгуулагддаг ч бодит үр дүн багатай байх нь түгээмэл байдаг явдал юм. Тиймээс энэ удаагийн форумыг аль болох үр өгөөжтэй, бодит шийдэлд чиглэсэн байлгах нь чухал гэж үзсэн. Үр дүнтэй форум зохион байгуулахын тулд хэд хэдэн чухал зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн бодитой, үнэн зөв мэдээллийг холбогдох албан тушаалтан, байгууллагуудаас нь шууд хүргэх хэрэгтэй. Ингэснээр оролцогчид бодит нөхцөл байдал, боломж, шаардлагыг зөв ойлгох суурь бүрдэнэ. Хоёрдугаарт, форумын төгсгөлд тодорхой үр дүнтэй бичиг баримт үлдээх нь чухал гэж үзсэн. Ингэснээр форум зөвхөн ярилцлагаар хязгаарлагдахгүй, цаашдын бодит ажил хэрэг болж үргэлжлэх боломж бүрдэнэ. Баянхонгор аймгийн эдийн засгийн хувьд би форумд оролцохоосоо өмнө тодорхой хэмжээнд судалгаа хийсэн. Судалгааны дүнд тус аймагт хөгжлийн гурван үндсэн чиглэл тодорхой харагдаж байна. Нэгдүгээрт, уул уурхайг дагасан туслан гүйцэтгэх бизнесийг хөгжүүлэх боломж их байна. Одоогийн байдлаар хэд хэдэн том уурхай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ойрын жилүүдэд нэмэгдэн нийтдээ олон уурхай ашиглалтад орох төлөвтэй байна. Үүнийг дагаад ханган нийлүүлэлт, үйлчилгээний томоохон зах зээл бий болно. Энэ боломжийг ашиглахын тулд орон нутгийн ЖДҮ эрхлэгчид өөрсдийгөө бэлтгэх шаардлагатай. Ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх вэ, уул уурхайн компаниуд ямар шаардлага тавих вэ гэдгийг ойлгож, тэр шаардлагад нийцэхүйц чадавхтай болох нь чухал. Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх өргөн боломж байна. Дотоод болон гадаадын жуулчдыг татахын тулд нэгдсэн бодлого, стратеги бүхий баримт бичиг шаардлагатай. Аймгийн онцлог, давуу талд тулгуурласан аялал жуулчлалын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, уялдаа холбоотойгоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн салбарын боломжийг онцолж хэлмээр байна. Баянхонгор аймаг нь ямаа, тэмээний тоо толгой ихтэй онцлогтой. Үүнийг түшиглэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Жишээлбэл, ямааны сүүгээр хийсэн бяслаг, ингэний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн зэрэг нь зах зээлд өрсөлдөхүйц, өндөр үнэ хүрэх боломжтой. Энэ чиглэлд аж ахуйн нэгжүүд тус тусдаа ажиллахаас илүү кластер хэлбэрээр, нэгдсэн бодлого, стандарт дор хөгжих нь илүү үр дүнтэй. Аймгийн хэмжээнд нэгдсэн брэнд бий болгож, тэр брэндийн хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргавал илүү өрсөлдөх чадвартай болно.
Н.АЛАГАА: ТАЛУУД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЖ, ИТГЭЛЦЭЛ ДЭЭР СУУРИЛСАН, ШУДАРГА, ИЛ ТОД БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОХ НЬ НЭН ЧУХАЛ

Уул уурхайн үндэсний ассоциаци Зөвлөх, доктор/Ph.D/ Н.Алагаа: -Миний хувьд уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд энэ салбарын хөгжил, алдаа оноог ойроос харж ирсэн. Энэ туршлага дээр үндэслэн нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Юуны өмнө ЖДҮ эрхлэгчид нэгдэн холбоо байгуулж, зохион байгуулалтад орж байгаа нь маш зөв алхам. Энэ нь бизнесүүд нэг цонхоор, нэгдсэн бодлого, зарчимтайгаар хамтран ажиллах боломжийг нээж байна. Гэхдээ энэ холбоо цаашид гишүүддээ бодитой үйлчилгээ үзүүлдэг, дотоод зохион байгуулалт сайтай, урт дунд хугацааны стратегитай байгууллага болж төлөвших шаардлагатай. Мөн уул уурхайн компаниудтай үр дүнтэй хамтран ажиллахын тулд хамгийн чухал зүйл бол тэдний хэрэгцээ, шаардлагыг зөв ойлгох явдал юм. Олон
улсын стандартаар ажилладаг томоохон компаниудын хувьд чанар, аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтэд өндөр шаардлага тавьдаг. Иймээс ЖДҮ эрхлэгчид эдгээр шаардлагад нийцэхүйц бэлтгэл хангах нь чухал. Өмнөх туршлагаас харахад, ийм ойлголцол бүрдэхэд тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс талууд харилцан ойлголцож, итгэлцэл дээр суурилсан, шударга, ил тод бизнесийн харилцааг бий болгох нь нэн чухал.
ФОРУМД ОРОЛЦОГЧ ОРОН НУТГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧИД: ОРОН НУТГИЙН ИТХ БОДЛОГЫН ТҮВШИНД ИДЭВХТЭЙ МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛСНЭЭР ЖДҮ-ИЙН ХӨГЖИЛ БОДИТОЙГООР ДЭМЖИГДЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт бодитоор дэмжих асуудал нь зөвхөн санхүүжилтээр хязгаарлагдахгүй, бодлого, зохицуулалт, дэд бүтэц, зах зээлийн орчны цогц шийдлийг шаарддаг гэдгийг форумд оролцсон бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид онцолж байлаа. Уг асуудалд аймаг, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхаарал хандуулан, дараа дараагийн жилүүдэд болох тус форумд ЖДҮ-чдээ бодлогоор дэмжих, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж өгөхийг хүслээ. Тухайлбал, орон нутгийн онцлогт нийцсэн ЖДҮ хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталж, тухайн аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломжид тулгуурласан салбаруудыг тодорхойлох нь зүйтэй. Ингэснээр бүх салбарыг жигд дэмжих бус, өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингээх боломжтой үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын хөнгөлөлттэй зээл, батлан даалтын тогтолцоог бий болгож, бичил болон гарааны бизнес эрхлэгчдэд чиглэсэн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зөвхөн зээл олгохоос гадна санхүүгийн сахилга бат, бизнесийн чадавхыг давхар бэхжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь чухал. Гуравдугаарт, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн орчныг сайжруулах асуудалд анхаарах хэрэгтэй. Үүнд жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулсан үйлдвэрлэлийн бүс, кластер, түрээсийн хөнгөлөлттэй байр, логистикийн шийдлүүдийг хөгжүүлэх замаар зардлыг бууруулах боломжтой. Дөрөвдүгээрт, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх бодлого чухал байна. Орон нутгийн худалдан авалтад ЖДҮ эрхлэгчдийг давуу байдлаар оролцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах, цахим худалдаа, экспортын сувгийг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тавдугаарт, хүний нөөц, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ, инновац, технологи нэвтрүүлэх хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх нь ЖДҮ-ийн тогтвортой өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ. Эцэст нь, дээрх бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж, ил тод, үр ашигтай, үр дүнд суурилсан хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм. Ийнхүү орон нутгийн ИТХ бодлогын түвшинд идэвхтэй манлайлал үзүүлснээр ЖДҮ-ийн хөгжил бодитойгоор дэмжигдэх боломж бүрдэнэ гэдгийг тус форумд оролцсон бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид онцлон хэлж, тус бүрийн санал хүсэлтээ тодорхой илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд уул уурхайн салбарт бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд олноор байгааг онцлон тэмдэглэж, энэ хэрэгцээг бодит ажил хэрэг болгох зорилгоор гурван талт түншлэлийн гэрээ байгуулах шийдвэрт хүрсэн нь форумын хамгийн чухал үр дүн байв. Тодруулбал, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хонгорын Эрхэт Зангилаа” ЖДҮ эрхлэгчдийн холбоо болон уул уурхайн компаниуд хамтран ажиллах замаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг томоохон зах зээлд холбох, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгох шинэ боломжийг нээж байна. Дашрамд дурдахад “Эрдэнэ Монгол” ХХК болон “Монроуд” ХХК-ын удирдлага, менежер, хамт олон гээд өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж тус форумд ач холбогдол өгч оролцсонд форум санаачлагчид болон орон нутгийн ЖДҮ эрхлэгчид талархалтай хүлээн авч байлаа. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Голомт банкны орон нутаг дахь салбарын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн таларх илэрхийлж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс хүссэн билээ. Цаашид аймгийн удирдлагын зүгээс уул уурхайн салбарын эрчимжиж буй өсөлтийг түшиглэн ЖДҮ эрхлэгчдийг илүү томоохон аж ахуйн нэгж болгон хөгжүүлэх бодлого баримталж, тэдгээрт шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх чадавхыг бий болгоход анхаарахаа илэрхийллээ. Ийнхүү “Bayankhongor Economic & SME Forum 2026” нь зөвхөн хэлэлцүүлгээр хязгаарлагдаагүй, бодит хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дараагийн шатанд гаргах чухал алхам болсноороо онцлог арга хэмжээ болж өндөрлөлөө. Форумыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцсон бөгөөд цаашдын бодлого, шийдвэр гаргалтад чухал суурь мэдээлэл, санал санаачилгыг нэгтгэсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг зохион байгуулагчид онцоллоо.
Э.МӨНХТҮВШИН



