Болгарын “Алтан Феми” кино наадмаас Монголын дөрвөн бүтээл шагнал хүртлээ

851826d37bcded027906cc55088aea14

Болгар улсын Софи хотноо зохион байгуулагддаг “Алтан Феми” олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийн бүтээлүүд амжилттай өрсөлджээ. Наадамд Монголын найман бүтээл оролцсоноос дөрөв нь буюу найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач”, найруулагч Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Д.Галбаярын “Эмэгтэйн кэйс” бүтээлүүд тус, тусын ангилалдаа шалгарч, шагнал хүртэхээр болсон байна.

Найруулагч Ц.Дэнсмаагийн “Би ганцаараа биш”, найруулагч” О.Урантуяагийн “Явуулын хүн говьд”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, найруулагч Д.Золбаярын “Гурван эрдэнийн эрэлд” уран бүтээлүүд нэр дэвшиж өрсөлджээ.

Зохион байгуулагчдын зүгээс манай уран бүтээлчдийн бүтээлүүдийг өндрөөр үнэлж, “Монгол кино бүтээлүүд нь гүн гүнзгий агуулгатай, хүн төрөлхтний нийтлэг сэдвүүдийг хөндөн, үзэгч бүрийн сэтгэлд хүрэхүйц санааг илэрхийлсэн уран бүтээлүүд байлаа” хэмээн онцолсон талаар Монголын кино урлагийн зөвлөл мэдээлэв.

Шагнал хүртсэн дөрвөн бүтээлийн нэг болох “Их говийн манаач” баримтат киног мэдээллийг “Эгүүр ньюс” агентлаг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар бүтээсэн бөгөөд продюсерээр агентлагийн эрхлэгч Ж.Мядагбадам, зохиолчоор авьяаслаг залуу сэтгүүлч М.Тэнгис ажилласан юм. 

130 орны 9600 кино бүтээл оролцсон уг фестивалийн шагнал гардуулах ёслол ирэх зургадугаар сарын 6-ны өдөр товлогджээ.

About Author