Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автобусны буудлуудыг засварлан, шинэчилж эхэллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ онд нийслэлд 1120 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 313 ажил бүрэн хэрэгжиж дууссан, 619 ажил хэвийн үргэлжилж байна. Удааширсан 107, зогссон 81 ажил байгаа юм.
УБЗАА-наас нийтийн эзэмшлийн гудамж, талбайн явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэхээр 19,629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан, 10,904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд буй. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөр төлөвлөснөөс 26 байршилд 1905 метр урт хашаа буулгаад байна. Ингэснээр нийт 66 байршилд 5032 метр урт хашаа чөлөөлж, хэрэгжилт 61 хувьтай байна. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнгөрсөн долоо хоногт таван байршилд 117 гарааш буюу нийт 68 байршилд 1121 гарааш чөлөөлж, ажлын гүйцэтгэл 48 хувьтай байна.
Түүнчлэн автобусны эцсийн болон дундын зогсоолуудын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр арчлалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шилжүүлэх санал боловсруулж, танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автобусны эцсийн болон дундын зогсоолуудыг засварлан шинэчилж, ашиглалт үйлчилгээг хариуцах сонгон шалгаруулалтыг зарлажээ. Санал ирүүлсэн “Дижитал концепт” ХХК-тай автобусны эцсийн таван буудлын байгууламж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай эцсийн хоёр буудлын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцах гэрээ байгуулан, засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Мөн автобусны буудлуудын нэгдсэн судалгааг гаргуулан ажиллаж байна.
Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж авто зам, явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэлж гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Тавдугаар сарын 30-ны байдлаар зөвшөөрөлгүйгээр 10 орц, гарц гаргасан зөрчил илэрчээ. Иймээс барилга, авто зам, замын байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхэлж 25 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн, авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтлэх, сүвлэх, эвдэх, бохирдуулахаас урьдчилан сэргийлэх ажилд тогтмол хяналт тавин ажиллаж байна.
Бичил 12 цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэлсэн
Хотын дарга Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламж болон худалдаа, үйлчилгээний талаар тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны М.Баяраа “Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог ахлан ажиллаж байна. Автомашины зогсоолын төлөвлөлтийг хийсэн. Мөн холбогдох байгууллагууд замын засвар, арчилгааны ажлуудаа хийж байна. Долоодугаар сарын 8-н гэхэд ажил бүрэн дуусна” хэмээв.
Мөн гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас 12 байршилд тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа бол дөрвөн байршилд бэлтгэл ажлыг хангаж байна. Хүүхдүүд тоглодог болон өмнө нь хогийн цэг байсан газруудыг тохижуулж байгааг онцолж байлаа. Түүнчлэн зөвхөн гэр хороолол гэлтгүй орон сууцны хороололд ч нэмж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв. Иймээс судалгаа хийж байгаа юм байна.
Инженерийн шугам сүлжээг шинэчлэх буюу өртгөх ажлын хуваарь гарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдээлэл хүргэж буй. Энэ жил инженер хангамжийн 25 байгууллага 658 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 19 байршилд 28.1 км дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байна. Тавдугаар сарын 15-наас ажил эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 15-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 30 хувьтай байна.
Гол болон туслах гудамж, замд засвар, шинэчлэлийн ажил хийж байна
Зам засвар, арчлалтын мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар өглөө. Тэрбээр “Хотын гол болон туслах гудамж, замуудад засвар, шинэчлэлийн ажил хийж байна. Энэ хүрээнд 22-ын товчооны чиглэлд 2200 ам метр талбайн нөхөөс, нүхэн эвдрэл засварлах ажлыг хийсэн. Мөн Эмээлт, Хүй 7 худагийн замын нүхэн эвдрэлийг засах ажлыг зургаадугаар сарын 25-нд дуусгахаар ажиллаж байна. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 45 гудамжинд 36 мянга гаруй ам метр талбайн нүхэн эвдрэлийг засварласан. Гол болон туслах 10 гудамж, замд хэвтээ тэмдэглэгээний ажил хийж байна. Долоодугаар сарын 1-н гэхэд Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчооны хэвтээ тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дуусна” гэлээ.
Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана
Хотын дарга Үндэсний баяр наадмын зохион байгуулалт хийгээд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн зарим замд эгнээ нэмэх, гурван нүхэн гарцын ажлыг долоодугаар сарын 5-н гэхэд эхлэх үүрэг өглөө.
Түүнчлэн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал,
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
- НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
- Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС