О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг “Toxic Trend” аяны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санаачилгаар “Toxic Trend” аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн. Электрон тамхи, янжуур тамхины хэрэглээ өндөр байгаа нь хууль эрх зүйн зохицуулалт сул, хяналт хангалтгүй байгаатай холбоотой. Мөн соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлууд дутмаг байснаас хүүхэд, залуусын дунд хэрэглээ нэмэгдэж байна.
Аяны хүрээнд хүүхдүүд өөрсдийн сургууль дээрээ хорт зуршлаас татгалзах, түүний хор нөлөөг таниулах олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Номын баярын үеэр аяны үр дүнг нэгтгэн танилцуулж байна. Энэ үеэр сурагчид хорт зуршлаас татгалзах амлалт өгч, гарын үсэг зурж, хэрэглэж байсан электрон тамхиа тусгай саванд хийж хаяж байна.
Бидний хувьд цаашид соён гэгээрүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлнэ. Мөн холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллаж, хууль батлагдах хүртэл энэ асуудалд анхаарч ажиллана.
Одоогоор тус аянд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдаж байна. Зөвхөн нийслэл төдийгүй орон нутагт ч электрон тамхины хэрэглээ өндөр түвшинд хүрсэн. Тухайлбал, зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан.
Өнөөдөр энэ асуудал хэт газар авч, бараг өдөр тутмын хэрэглээ мэт болсон. Хот, хөдөөгийн ялгаагүй Монгол Улсад хүүхэд, залуусын дундах тамхины хэрэглээ ноцтой хэмжээнд хүрээд байна” гэв.