Г.БАТ-ЭРДЭНЭ: Мастер кросст түрүүлж, аварга болох зорилго тавьсан
Спортын мастер Г.Бат-Эрдэнэ удам дамжсан тамирчин. “Алтайн бугат”, “Аваргууд” клубийн нэр дээр хурд сорьдог тэрбээр авто спортоор тууштай хичээллэн ур чадвараа жилээс жилд ахиулж буй. Эл спорттой 10 жил нөхөрлөхдөө аав Ш.Гансүх, авга ах Ш.Гомбодорж нартайгаа мөр зэрэгцэн уралддаг хүчтэй өрсөлдөгч болжээ. УАЗ ангилалд зохион байгуулдаг “Мастер кросс”-т долоон мөнгө, “Монгол ралли”-д таван алтан медаль хүртсэн тэрбээр холын зайн бартаат замын олон төрөлт уралдаанд тогтмол оролцон эхний таван байрт шалгардаг. Тухайлбал, “Баха 150”-д нэг түрүүлж, “Баха 250”-д удаалсан юм. Түүнчлэн “FA coat Rally Mongolia-2023” олон улсын ралли тэмцээнд аавтайгаа хамт оролцож, дэд байр эзэлж байв.
-“Баха-150” авто спортын 11 дэх удаагийн уралдаан Төв аймаг, Эрдэнэ сумын Элстэйд зохион байгуулахад аав тань түрүүллээ. Та тус тэмцээнд өмнө нь амжилт гаргаж байсан санагдах юм.
-Би тус тэмцээнд 10 гаруй удаа оролцохдоо аавтайгаа хамт уралдаж нэг түрүүлж байлаа. Түүнээс хойш IV, V байрт цөөнгүй шалгарсан. Бартаа, саад ихтэй замд тамирчид тааварлашгүй зүйлтэй тулгарах энүүхэнд. Тэр их өрсөлдөөнд уралдааны замыг богино хугацаанд туулж, техникийн сааталгүй барианд ороход ур чадвар, ухаанаас их шалтгаалдаг. Холын зайд хурд их гаргаж уралддаг болохоор хүн бүр авто машинаа эртнээс бэлдэхээс гадна амжилт гаргахын тулд аюулгүй байдлаа сайтар ханган замаа зөв сонгож уралдахыг хичээдэг юм. Миний хувьд механик байхгүй тул өөрөө бүхнийг хариуцаж хийдэг. Алдаа гаргасан ч, техник эвдэрсэн ч өөртөө бурууг өгдөг тул уралдааны үед Уазтайгаа хүн шиг ярилцах үе бий. Энэ удаагийн тэмцээнд аав минь SUV ангилалд жийп машинаар уралдаж түрүүллээ.
-Багаасаа аав, авга ахынхаа уралдахыг харж өссөн танд нэг л өдөр хурд сорих сон сэн гэх хүсэл төрсөн биз?
-Тийм ээ. Аавынхаа амжилтаас урам авч, тэмцээний дараа машиныг нь бариад гарааж руу оруулдаг байсан хүү одоо өрсөлдөгч нь болоод мөр зэрэгцэн уралдаж байна. Тэр үеэс аав миний сонирхлыг дэмжиж, авто машинтай болгосноор 2015 оны нэгдүгээр сард “Мастер кросс”-т анх удаа тоос өргөсөн. Аав бид хоёрт хамт оролцдог тэмцээн бий. Авто машин, мотоциклын спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Монгол
ралли”-д аав миний чиглүүлэгч хийснээр түрүүлж байв. Мөн Говьсүмбэр аймагт 2017 онд болсон “Петровис кап” тэмцээнд оролцож, би мөнгө, аав хүрэл медаль хүртсэн юм. Аав, хүү хоёр “Мастер кросс”, Мастер ралли”, “Баха 150”, “Баха 250” уралдаанд нэгийнхээ өрсөлдөгч болсон удаа олон. Машинд суугаад гараанаас гарсан бол аав, ах, найз ч байсан шударга өрсөлддөг. Уралдааны талбарт миний хамгийн амаргүй өрсөлдөгч бол 68 дугаартай оролцдог авга ах Ш.Гомбодорж аварга. Түүнийг авто спортод хөл тавихаас өмнө 2004 онд 24 дугаартай Д.Болдбаатар аварга “Мастер кросс” уралдааны домог байлаа. Тухайн үед цахиур хагалсан залуусаас түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн хүн бол авга ах минь. Тэрбээр өнөөг хүртэл уралдахдаа 40 гаруй түрүүг авчээ. Монголын авто мастеруудын холбоо үүсэн байгуулагдаад 20 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд аав, авга ах хоёр минь энэ спортод бүх зүйлээ харамгүй зориуллаа. Тэд тэмцээний өмнө надад “Тайван байгаарай. Эрсдэл битгий гаргаарай” гэж захидаг юм. Миний хувьд анх уралдсан үеэ бодвол одоо ур чадвараа сайжруулж, туршлага ч хуримтлуулсан. Үүгээр хичээллэсэн
эхний хоёр жилд уралдаан юу болоод байгаа нь мэдэгдэхгүй өндөрлөдөг байв. Одоо бол эхний гурван байрын төлөө ширүүхэн өрсөлддөг. Мастер раллид Ш.Гомбодорж ахтай уралдахдаа олон зүйлийг мэдэж авсан. Аваргаас техникээ засах механик, ааваас замаа зөв сонгож уралдахыг сурсан. Хүн бүр амжилт гаргах өөрийн арга барил, онцлогтой. Аавын давуу тал бол машиныг сайн жолоодож, уралдах замынхаа сонголтыг зөв хийдэг. Хол замыг богино хугацаанд хурдан туулж, бартаат замд саадгүй мэт уралдах аргыг сайн эзэмшсэн.
-Удам дамжсан тамирчин болж, амжилт гаргаж буй нь өвөөгөөс тань улбаатай болов уу?
-Өвөөг минь У.Шархүү гэдэг. Монгол Улсын гавьяат тээвэрчин, шатахуун тээврийн улсын дөрвөн (1977, 1979, 19858 1988 он) удаагийн аварга. Би ууган ач хүү нь. Намайг 12 настай байхад олны хэлж заншсанаар “Аавын цээж” машиныг анх жолоодуулж сургасан. Техникийг хэрхэн зөв барьж сурахыг өвөө надад анх заасан болохоор үеийнхээ нөхдөөс авто машины мэдлэгээр илүү байлаа. Би 15-тайдаа механик машиныг ямар ч асуудалгүй барьж сурсан. Тэр үед уралдахаар хорхойсон хурдан том болж, иргэний үнэмлэх авах сан гэж боддог байв. Өвөөгийнхөө тээврийн жолооч байсан залгамж халааг бид одоо ч үргэлжлүүлж байна. Авто спортоор хичээллэдэг тамирчдын олонх нь ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Миний хувьд тээвэрт явна, ажлаа хийнэ, ар гэртээ анхаарал хандуулна гээд бүхнийг амжуулахыг хичээдэг. Манайхан орон нутаг, уурхай руу техник ачиж, тээвэрлэдэг юм.
-Тамирчдад амжилт гаргадаг төрөл бий. Миний анзаарснаар бол та раллид сайн уралддаг юм билээ.
-Монголын авто машин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулдаг “Монгол ралли” уралдаанд оролцож, 2020 оноос таван удаа дараалж аваргаар шалгарсан. Ралли уралдаан цагийн тооцоо маш их шаарддаг. Техник саатаж зогссон ч хурдан засаад цааш үргэлжлүүлнэ. Эхний өдөр барианд ороход цагаар нь жагсаадаг тул тамирчид дараагийн өдөр хэрхэн уралдахаа сайтар бодож, алдсан цаг, минутаа яаж хурдан
нөхөх талаар тооцоолдог. “Мастер кросс”-т цойлж яваад техникийн саатлаас болж тэмцээнийг орхиж байсан удаа ч бий. Монголын авто мастеруудын холбоо 130 гаруй тамирчинтай. Тэднийг шагналт байрт орсон, амжилт хэрхэн гаргаснаар нь эрэмбэлдэг. Би одоогоор 17 дугаар байрт жагсаж буй. Миний өмнө бичигдсэн 16 тамирчин “Мастер кросс”-т түрүүлсэн аваргууд. Аав, ахынхаа ард шил дарж бичигдсэнд баярладаг. Миний хувьд хараахан түрүүлээгүй ч долоон удаа мөнгөн медаль хүртсэн. Шилдгүүдээс 36 дугаартай Л.Ариунболд аваргын ард голдуу ордог. Аваргуудаас Уаз ангилалд Гавьяат тамирчин, 24 дугаартай Д.Болдбаатар, 35 дугаартай, олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Х.Улам-Өрнөх нар техникээ эвдэхгүй, цэвэрхэн уралддаг юм. Д.Болдбаатар аваргын нэрэмжит тэмцээн өнгөрсөн жил болоход би оролцож, дэд байр эзэлсэн.
-Уралдааны үед ямар зарчим баримталдаг вэ?
-Ямар ч тэмцээнд оролцохдоо өвөө, аав хоёрын “Эвдрэлгүй, аваар осолгүй, сайн уралдаж тэмцээнээ дуусгаарай” гэж зөвлөснийг санадаг. Ш.Гомбодорж аварга олон жил уралдсан тул тэмцээний үед машин эвдэрвэл хэрхэн засах арга ухааныг мэддэг. Харин аав уралдааны аль хэсэгт хурд илүү гаргаж, туг дээр яаж эргэхийг зөвлөдөг юм. Миний хувьд 10 жил уралдахдаа техникээ жилээс жилд сайжруулж, сольсоор дөрвөн
Уазын ард гарчээ. Оросын техникүүд чанартай. Одоогийн бидний уралддаг Уаз 10 жилийн өмнөхөөс асар их ялгаатай. Машинаа аль болох хөнгөн болгож, өндөр хурд гарган уралдах нь чухал. Тиймээс эвдрэл, саатлыг багасгахын тул амортизатор, мотор, хөдөлгүүр зэрэг эд, ангийг нь жил бүр сайжруулдаг. Ралли төрөлд SUV ангиллын жийп машин сайн тохирдог. Уралдааны замд тав тухтай, эвдрэл бага гардаг тул жолоодоход бараг ядардаггүй.
-“Мастер ралли” тэмцээн ирэх сарын сүүлчээр болно. Та Уаз ангилалд уралдах уу?
-Тийм ээ. Би энэ жилээс 47 дугаартай оролцдог болсон. Өмнө нь аавынхаа 46 дугаартай уралддаг байсан юм. Аав Уаз ангиллаас 2018 онд зодог тайлсан. Надад “Энэ жилийн тэмцээнүүдэд аав нь оролцоод үзье” гэхээр нь дугаарыг буцааж өгсөн юм. Аав энэ дугаартайгаа уралддаг байхдаа олон түрүүг авсан. Монголд аав, авга ах хоёрыг танихгүй хүн ховор. Аав олонтойгоо эвтэй, нийтэч зантай. Хүнийг мэргэжил, боловсрол, ажил, амьдралаар нь ялгаварлахгүй харилцдаг. Надад гэлтгүй бусад залуу тамирчдад өөрийн мэдэх, чадах зүйлээсээ харамгүй зааж, зөвлөдөг. Ралли төрөлд хол зам туулдаг болохоор тамирчдын техник их саатдаг. Сэлбэггүй, эвдрээд зогссон үед нь аав таарвал тээвэрчин хүний ухаанаар засаж өгөөд цааш хөдөлдөг. Уралдаанд оролцохдоо, тээврийн замд гарахдаа заавал хэрэг болох сэлбэг, хэрэгсэлтэй явдаг юм.
-Монголд гэр бүлээрээ спортоор хичээллэдэг тамирчин цөөнгүй ч танайхан шиг спортын төрөл бүрд амжилт гаргасан нь ховор.
-Манайхан спортлог гэр бүл. Авто спорт, бокс, жүдо, самбо бөх, буудлагаар хичээллэдэг. Зарим нь тамирчин, дасгалжуулагч. Тэднээс өвөөгийн жолооч мэргэжлийг гурав нь өвлөж, уралдааны талбарт амжилт гаргаж буй. Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа эгч жүдогийн дэвжээнд мэргэжлийн тамирчид бэлтгэдэг. Самбо бөхийн тамирчин, ОУХМ Ш.Пагмадулам эгч дэлхийн аварга болсон. Боксоор хичээллэсэн Ш.Ганзориг ах спортын мастер цолтой. Миний хүүхдүүд одоогоор спортоор хичээллэх насанд хараахан хүрээгүй. Бага авга ах минь морин спортынх, аймгийн алдарт уяач. Өвөө, аав, бага авга ах гурав хурдан моринд дуртай. Спортын мастер Г.Бат-Эрдэнэ удам дамжсан тамирчин. “Алтайн бугат”, “Аваргууд” клубийн нэр дээр хурд сорьдог тэрбээр авто спортоор тууштай хичээллэн ур чадвараа жилээс жилд ахиулж буй. Эл спорттой 10 жил нөхөрлөхдөө аав Ш.Гансүх, авга ах Ш.Гомбодорж нартайгаа мөр зэрэгцэн уралддаг хүчтэй өрсөлдөгч болжээ. УАЗ ангилалд зохион байгуулдаг “Мастер кросс”-т долоон мөнгө, “Монгол ралли”-д таван алтан медаль хүртсэн тэрбээр холын зайн бартаат замын олон төрөлт уралдаанд
тогтмол оролцон эхний таван байрт шалгардаг. Тухайлбал, “Баха 150”-д нэг түрүүлж, “Баха 250”-д удаалсан юм. Түүнчлэн “FA coat Rally Mongolia2023” олон улсын ралли тэмцээнд аавтайгаа хамт оролцож, дэд байр эзэлж байв. хурдан морь унадаг байлаа. Тухайн үед морь, авто спортын аль нэгийг нь сонгох шаардлага гарахад уралдаанаа сонгосон доо.
-Хөрш гурван орны тамирчид өрсөлдсөн авто раллигийн олон улсын тэмцээнд та аав, ахтайгаа оролцдог шүү дээ.
-Ш.Гомбодорж ахтай Уаз ангилалд хамт оролцож түрүүлсэн. Мөн Монголд Азийн орнуудын тамирчид ирж оролцдог олон улсын тэмцээнд аавтай хамт уралдаж, мөнгөн медаль хүртэж байлаа. Түүнчлэн “Silk way” олон улсын раллид аав жийпээр уралдаж, Т2 ангилалд аварга болсон. Монгол тамирчид хоббидоо хөтлөглөж авто спортоор хичээллэдэг бол гадаадынхан багаасаа мэргэжлийн тамирчнаар бэлтгэгддэг. Бид ажил, амьдралынхаа хажуугаар зав гаргаж уралддаг бол тэд зөвхөн бэлтгэл сургуулилалт, амжилтдаа анхаарал хандуулж, хичээллэдэг спортоо карьераа болгосон байдаг. Монгол тамирчид уралдааны үед бодож, сэтгэх, тооцоолох ур чадвараар илүү байгаа нь анзаарагддаг. Тэдний техникийн хөгжил, хүч чадал, үзүүлэлт, загвар хийц биднийхээс илүү. Гэсэн ч бид хоцрохгүйг хичээдэг юм. Би аав, ах хоёрынхоо удирдлагад авто спортоор хичээллэж, уралдааны талбарт хөл тавьсан. Тэд миний багш. Миний хувьд “Мастер кросс”-т түрүүлээгүй тул ойрын жилүүдэд аварга болох зорилго өөртөө тавьсан. Тэр хэрээр туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулж байгаа. Энэ ташрамд, залуу тамирчдад “Зориг, зорилго,
тэмүүлэлтэй бол авто спортоор хичээллэж, амжилт гаргах боломжтой шүү” гэж хэлье.