Инфляцид ган, УИХ хоёр буруутай
Эх сурвалж: ZUV.MN
2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ өчигдөр хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Иргэдийн амьдрал ямар байгааг хэдүүлээ камергүй яваад үзэх юм уу? Та хэдийн амьдрал бол сайхан байгаа байх л даа. Орлого 10 хувь нэмэгдэж байгаа бол зарлага 200 хувь нэмэгдээд байна” гэж асуусан.
Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр түүний асуултад “Инфляциийг 460 гаруй төрлийн барааны өсөлтийн дунджаар гаргадаг. Энэ дотор 90-ээд нь хүнс байгаа. Энэ хэсэгт инфляци өндөр гарч байна. Төмс хүнсний ногоогоо өмнө нь 100 хувь дотоодоосоо хангадаг байсан. Гэтэл өнгөрсөн жил төвийн бүсийн нутагт ган болж үүнийгээ буцаагаад алдчихлаа л даа.
УИХ улаанбуудайтай холбоотой хууль баталж, өөрчилж бужигнуулсан. Эндээс болоод улаанбуудай тарилтаа эрс багасгачихсан. Үүний үр дагаврыг бид инфляциар амсаж байна. 1 хувийн инфляцийн өсөлт цалин, тэтгэврийн зардал дээр 30 тэрбум төгрөгийн ачаалал үүсгэдэг. Одоо инфляци 10 хувьтай байна гэхээр 300 тэрбум төгрөгийг бид тэтгэврийн нэмэгдэлд төсөвлөхөөс өөр аргагүй болсон” гэж хариуллаа.