Монгол зохиолчийн бүтээл Amazon-ий 4 ангилалд тэргүүлж, бестселлер боллоо
Монгол Улсаас төрөн гарсан стратегийн шинэ онол, бизнесийн бүтээл болох “Strategy Is Attitude: The Missing Half of Strategy” ном Amazon платформд худалдаанд гарсан даруйдаа дэлхийн уншигчдын анхаарлыг татаж, дараах 4 гол ангилалд борлуулалтаараа тэргүүллээ.

- Strategic Management (#1)
- Strategy & Competition (#1)
- Business Systems & Planning (#1)
- Business Economics (#1)
Жилд 3 сая гаруй ном шинээр цахигддаг дэлхийн хамгийн том зах зээлд Монгол хүний туурвисан бүтээл ийнхүү дөрвөн чиглэлд нэгэн зэрэг шилдэг болно гэдэг нь түүхэн бөгөөд чамлахааргүй амжилт юм.
Уг номыг “Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг бичсэн бөгөөд тэрээр сүүлийн хагас зуун жилд гарсан стратегийн онолуудын дутуу талыг нөхөх цоо шинэ үзэл баримтлалыг дэвшүүлснээрээ онцлогтой. Бүтээлд Монголчуудын түүхэн сэтгэлгээ, Эзэн Чингис Хааны тактик, орчин үеийн бизнесийн шийдвэр гаргалт болон сэтгэлзүйн шинжлэх ухааныг нэгтгэн харуулжээ. Зохиолчийн үзэж буйгаар хүн бүрд байдаг төрөлх стратегич чанарыг өнөөгийн боловсролын систем нухчин дардаг бөгөөд уг ном нь уншигчдад тэрхүү чадвараа эргүүлэн сэрээж, ажил амьдралдаа амжилт гаргах хөтөч болох юм.

Зохиолч Ө.Ганзориг нь санхүүч, трэйдер мэргэжилтэй бөгөөд 27 настайдаа “Тэнгэр Даатгал”-ын гүйцэтгэх захирал, 33 настайдаа “Голомт Банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллаж, стратегийн ухааныг практикт амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Энэхүү ном нь түүний зургаа дахь бүтээл бөгөөд өмнө нь “Санхүүгийн Философи”, “Менежментийн Психологи”, “Мөнгөний Менежмент” зэрэг Монголын бестселлер номуудыг уншигчдын хүртээл болгож байв. Тэрээр бизнесээс гадна Боловсролын болон Тэтгэврийн реформ, Менежментийн форум зэрэг нийгмийн шинэчлэлийн хөдөлгөөнүүдийг санаачлагч, шинэ үеийн манлайлагчдын нэг билээ. Дэлхийн тавцанд оюуны чансаагаа таниулсан зохиолчдоо цаашдын бүтээл туурвилд нь өндөр амжилт хүсье!